ХХЕГ: Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хэрэгжилтийг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-13 19:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газрын даргын бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд, хилийн отряд, тусгай салбарын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн II ээлжинд үүрэг гүйцэтгэх бүлгийн бүрэлдэхүүнийг томилж, үүссэн цагийн байдлын үед ажиллах бэлэн байдлыг хангасан байна.

Алба, үйл ажиллагааг нэгтгэн удирдах зорилгоор Хил хамгаалах ерөнхий газарт “Ажиллагааны удирдлагын бүлэг”, хилийн анги, тусгай салбарт “Удирдлагын бүлэг”-ийг томилж, энэ сарын 14-17-нд байнгын байрлалд байрлуулан үүрэг гүйцэтгүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгслийг хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлж байна.

Бие бүрэлдэхүүнд коронавируст цар тахлын халдварын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг Хил хамгаалах байгууллагын веб сайтад байршуулж, хилийн анги, тусгай салбаруудад онлайн, Хил хамгаалах ерөнхий газарт дотоод сүлжээ ашиглан шуурхай хүргэж байгаа аж.

Цар тахлын үед үүрэг гүйцэтгэх хилийн анги, тусгай салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудыг томилж, шаардлагатай тохиолдолд улсын болон аймаг, нийслэлийн онцгой комиссын мэдэлд шилжүүлэн, үүрэг гүйцэтгүүлэх бэлтгэлийг хангажээ.

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд халдвар хамгааллын хувцас, хэрэглэл, ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгслийг татан авч, хангалт зохион байгуулан, бүх төрлийн материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.

Байгууллагын үйл ажиллагааг ажлын тусгай горимд энэ сарын 11-нээс шилжүүлж, алба, үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүний ажлын байрны нягтралыг багасгах, жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй алба хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хил хамгаалах ерөнхий газар, хилийн анги, салбарт гаднаас нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, санал хүсэлт, архивын лавлагааг цахим болон үүрэн холбооны утсаар авч, шийдвэрлэж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ