Хөл хорионы дэглэмийг 12 дугаар сарын 1 хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-15 16:03:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжсэн буюу хөл хорионы хатуу дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгах УОК-ын саналыг дэмжиж, энэ талаарх тогтоол баталлаа. 


Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр эрдэмтэн, судлаачид ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. Уг саналыг УОК-ын хуралдаанаар дэмжиж, Засгийн газарт хүргүүлсэн юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа энэ сарын 17-ны 06.00 цагт дуусах байсан бол дээрх хугацааг сунгаснаар ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл үргэлжлэхээр болж байна.



Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо.  Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө. 


Түүнчлэн, тандалт судалгааг эрчимжүүлэх, цар тахлын голомт хүрээг хязгаарлах, богино хугацаанд таслан зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болгов. Үүнээс гадна голомтийн бүсийн обьектод иж бүрэн ариутгал халдваргүйтгэлийг шуурхайлах, түүнд хяналт тавих даалгавар өгчээ. Хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлэг, дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангах, эм, эмнлэгийн хэрэгслийн хангамжийг тогтвортой байлгах, гэр бүлийн хүчирхийлллээс урьчдилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд анхаарахыг холбогдох албаныханд даалгалаа. 


Энэ хугацаанд түлш, эрчим хүч, дулаан, усан хангамжийг хэвийн байлгахаас гадна газрын тосны бүтээгдэхүүний тээврийг зохион байгуулж хомсдол үүсгэхгүй байх үүрэг чиглэл өгсөн байна.


Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлдөгчид төрийн байгууллагад үүсээд буй санхүү төсвийн асуудал болон иргэд аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих талаар судалж Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар санал оруулах үүрэг чиглэл өгчээ.


Ташрамд дурдахад, Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор энэ сарын 12-ны 06.00 цагаас 17-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа юм.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний халдварын 428 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 328 хүн эдгэрээд байгаа юм.

Дотоодод коронавирусээр халдварласан нь батлагдсан тохиолдол нийслэлд ес, Сэлэнгэ аймагт гурав байна.

ХӨСҮТ-д коронавируст халдвартай 95 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 20 нь хүндэвтэр, 73 нь хөнгөн оноштой байгааг ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлсэн. 

Холбоотой мэдээ