С.Левченко: АЦС барихад нь Монголд туслахад Оросын тал бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-27 14:40:04

ЭРХҮҮ./TASS/. Шүрэнгийн УЦС-ыг барихын оронд ДЦС болон АЦС барихад нь Монголд туслахад Оросын тал бэлэн байна. Энэ тухай Эрхүү мужийн захирагч Сергей Левченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын шийдвэрийг иш татан мэдэгдлээ.

“Бид энэ асуудлыг Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд тус комиссыг даргалагч Сергей Донской-той ярилцсан. Монголд байдаг сайн чанарын нүүрсээр ажиллах хэд хэдэн дулааны цахилгаан станц /ДЦС/ эсвэл атомын цахилгаан станц /АЦС/ барихыг Монголын талд санал болгоё гэсэн бидний санаачилгыг сайд дэмжлээ” гэж С.Левченко ярьсан юм.

Сайд С.Донской өмнө нь мэдэгдэхдээ “Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих асуудалд сөргөөр хандаж байгаа, мөн Орос улс үүнийг эсэргүүцэж байгаа учраас энэ төслийн экологийн үнэлгээ хийгдэхгүй, УЦС баригдахгүй” гэж байв. Түүний хэлснээр, Монголд эрчим хүчний хэрэгцээ шаардлага бий гэдгийг ОХУ ойлгож байгаа бөгөөд өөр бусад хувилбарыг санал болгоход бэлэн байгаа аж.

Харин Эрхүү мужийн захирагчийн үзэж байгаагаар, Сэлэнгэ мөрөн дээрУЦС барих гэсэн Монголын байр суурь нь Оросын талыг эрчим хүчний тарифаа буулгахад хүргэх зорилготой мэт харагдаж байгаа ажээ. Тэрбээр хэлэхдээ “экологийн шаардлагаас үүдэн Шүрэнгийн УЦС-ыг барих магадлал бага. УЦС-аас эрчим хүч гарган авахын тулд Монголын нутгийн талыг нь усанд живүүлэхэд хүрнэ” гэсэн байна.

Монголын тал Байгал нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн болон түүнд цутгадаг голууд дээр хэд хэдэн УЦС барихаар төлөвлөж байгаа юм. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын усны 80 хувийг хангадаг билээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ