ХБНГУ-аас 22 сая еврогийн буцалтгүй тусламж авах протоколд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-20 11:47:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ сарын 18, 19-нд цахимаар боллоо.


Хоёр орны холбогдох яамд, агентлагууд оролцсон тус хэлэлцээний үр дүнд хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэх, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд 22 сая еврогийн тусламжийг германы талаас олгохоор тохиролцон, протоколд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн бүс нутгийг хариуцсан захирал Хаммершмидт нар гарын үсэг зурав.


Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч, бага-дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн тул ХБНГУ албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу чиглүүлэхээр болсноо мэдэгдэв. Ингэснээр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ 2025 он хүртэл хэрэгжүүлэн дуусгаж, 30 орчим жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөх юм. Цаашид иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн салбарт хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ.




Холбоотой мэдээ