Цагааннуур тосгонд цар тахлаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль хийв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-21 19:26:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагааннуур авто замын боомтыг энэ сарын 23-ны өдөр нээхтэй холбогдуулан Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах дасгал сургууль хийлээ.

Уг ажлыг Цагааннуур тосгоны захирагчийн баталсан удирдамжаар аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Цагааннуур тосгоны захирагчийн алба хамтран 32 хүний бүрэлдэхүүнээр зохион байгууллаа.

Дасгал сургуулийн үеэр цагийн байдал өгч эмнэлэг нүүлгэх, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цагийн байдалд тохирсон хариу арга хэмжээ авч ажиллалаа.

Мэргэжлийн байгууллагуудын эрх бүхий мэргэжилтнүүд сургуулийн явцад гарсан алдаа дутагдлуудыг газар дээр нь засуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хувийн хамгаалах хувцас өмсөх, тайлах дараалал болон халдвараас сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн дасгал сургуулийн дараа үр дүнгийн хэлэлцүүлэг хийж, эмч, мэргэжилтнүүд өөрсдийн санал, дүгнэлтээ хуваалцлаа. 

Холбоотой мэдээ