Манлай баатар Ж. Дамдинсүрэнгийн “Туг”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-23 15:00:02

Дорнод /МОНЦАМЭ/. Барга угсаатан нь эртний монгол угсаатнуудын ба 1916-1945 оны хооронд 4 удаа нүүдэллэн ирж монгол туургатантайгаа эргэн нийлсэн бөгөөд Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг суманд тархан суурьшдаг.

Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлай баатар Ж.Дамдинсүрэн нь 1916 онд өөрийн гэр бүл болон 200-гаад айл өрхийг Хөлөнбуйрын нутгаас дагуулан нүүдэллэн ирсэн нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын Барга угсаатнууд билээ. Уг үзмэрийг 1960 онд Барга угсаатны тугийг үе дамжин хадгалж ирсэн Чимэдцэрэн гэх хүнээс авсан ба ам мэдээгээр: “Богд хаант Монгол Улсын Манлайбаатар, Төрийн жун ван Ж.Дамдинсүрэнгийн барьж орж ирсэн туг” хэмээн Дорнод аймгийн музейд өгсөн түүхтэй.

Туг нь улаан өнгийн даавуугаар галын дөлийг дүрслэн эмжсэн, гурвалжин хэлбэртэй байгаа нь тэсвэр тэвчээр, хүч чадал, эрх чөлөөг бэлгэдэхээс гадна гурвалжин хэлбэр нь мөн сумны зэв мэт дайчин, галын дөл мэт ялан дийлэх, мандан бадрахыг бэлгэддэг байна.

Тугны нэг талд монгол түмний эрхэмлэн дээдэлдэг дөрвөн хүчтэний нэг болох арслан нөгөө талдаа хос далавч бүхий домгийн амьтанг дүрсэлсэн нь нэн сонирхолтой бөгөөд сурвалж бичигт  “Барга” хэмээх нэрийн утга нь “Шидэт нохойн нэр”, “шаламгай хүчтэн” түүнээс гадна эртний домогт бичигдсэн “Тэнгэрийн нохой” зэрэг утгыг агуулсан байдагтай холбоотойгоор дүрслэгдсэн байх магадлалтай юм.

Үүнээс таван нүдэн хээг дүрсэлсэн байдаг нь монголчуудын эрт цагаас уламжлагдан ирсэн хүндэтгэлтэй бэлгэдэл юм. Таван нүдэн нь үндсэндээ дөрвөн арвайг нийлүүлсэн хэлбэртэй бөгөөд арвай мэт өсөж үржих, сайн сайхан дэлгэрэх, эд агуурс арвижих, аливаа үйл хэрэг дэгжих хөгжихийн бэлгэдэлтэй ажээ. 

Холбоотой мэдээ