Ш.Баасандорж: Орхон аймагт “Ковид-19” халдвар илэрсэнтэй холбоотойгоор хариу арга хэмжээг шуурхай авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-23 19:01:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, шуурхай штабын дарга, онцгой байдлын дэд хурандаа Ш.Баасандоржтой уулзаж ярилцлаа.


- Хөрш зэргэлдээ Орхон аймагт коронавирусний халдвар батлагдлаа. Шуурхай хариу ямар арга хэмжээ авч байна вэ?

- Булган аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдвар илрээгүй. Хөрш зэргэлдээ Орхон аймагт цар тахал илэрсэнтэй холбогдуулаад хариу арга хэмжээг түргэн шуурхай авч байна. Орхон, Булган аймаг хил залгаа оршдог. Хүн ам нь харилцан зорчиж байдаг. Үүнтэй уялдуулаад Орхон аймгийн халдвар илэрсэн иргэдтэй харьцсан байж болзошгүй 980 гаруй хүмүүсийг судлан тандах үйл ажиллагаа хийж, нэн шаардлагатай 260 гаруй иргэдэд түргэвчилсэн оношлуураар коронавирусний шилжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Орхон аймагтай хил залгаа орших Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумын Засаг дарга, шуурхай штабт нэмэлтээр суурин болон хөдөлгөөнт пост, хяналтын цэг гаргах талаар үүрэг өгч хэрэгжилтийг хангуулж байна.

Манай аймгийн нутаг дэвсгэрээр улс, аймаг, орон нутгийн зам дайран өнгөрдөг. Энэ авто замд тээврийн хөдөлгөөнийг хянах бүртгэлжүүлэх зорилгоор төрийн албан хаагчид ажиллаж байна. Засгийн газрын энэ оны 178  дугаар тогтоолын хавсралтад заасан зарим байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна. Сумын удирдлага пост гаргаж, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

- Халдвар илэрсэн газраас зарим иргэд нутагтаа ирсэн байна. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

- Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймгаас ирсэн иргэдийнхээ судалгааг гаргаад тэр дагуу мэргэжлийн байгууллага тандалт судалгааны ажил хийж байна. Урьдчилан сэргийлэх нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөдөлгөөн хязгаарласан нөхцөлд хүн амын хүнсний хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажилд нөлөөлөх хандлага байна. Энэ талаар Шуурай штаб ямар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна вэ?

- Хүн амын амьжиргааг хэвийн байлгах зорилгоор түлээ түлш, идэш хоолтой холбоотой ажлыг орон нутагт зохион байгуулалтын арга хэмжээ авч тасралтгүй хангаж байна. Аймгийн хүн амыг хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах зорилгоор Улаанбаатар хотоос татан авах зураглал хийлээ. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 142 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор аймаг орон нутгийн шуурхай штабын хүнсний ханган нийлүүлэх багт үүрэг даалгавар өгч хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлтийг орон нутагт зохицуулах журмын хэрэгжилтийг хангуулах захирамжийн бичиг баримтыг бэлэн болголоо. Улаанбаатар хотоос бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг хоёр чиглэлээр зохион байгуулна. Хүнсний бараа, бүтээгдэхүүнийг Улаанбаатараас Дашинчилэн суманд татан төвлөрүүлж, урд бүсийн найман суманд түгээх юм. Хоёр дахь чиглэл нь Улаанбаатараас шууд Булган суманд татаж нөөц үүсгэн, хойд бүсийн найман сумыг хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээр хангах гэсэн төлөвлөлтийн ажлаа хийгээд улсын Онцгой комисс болон ХХААХҮЯ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдаад байна.

Ард иргэдийн хөдөлгөөн харьцангуй бага байна. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түргэн шуурхай хүргэж байна.

Холбоотой мэдээ