БНХАУ сарнаас хөрсний дээж авчрах аппаратыг амжилттай хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-11-24 10:43:02

ВЭНЬЧАН /Хятад/. /TASS/. БНХАУ гурван долоо хоног орчмын дараа сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах "Чанъэ-5" сансрын автомат төхөөрөмжийг тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Хайнань мужид орших Вэньчан сансрын буудлын хөөргөх удирдлагын төвөөс мэдээллээ.


Тус төвийн мэдээлснээр, "Чанъэ-5" аппарат найм орчим хоногийн дараа саран дээр буух бөгөөд үүний дараа хайрга гарган авах өрөмдлөг хийж эхэлнэ. Нийтдээ 2 кг чулуулаг цуглуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны зорилгоор төдийгүй манай гаргийн цорын ганц хиймэл дагуул дээр судалгааны бааз байгуулах бэлтгэл ажлыг хангах төсөлд зориулж судлах юм.


Уг аппаратыг төлөвлөсөн хуваарийн дагуу мягмар гарагт Бээжингийн цагаар 04 цаг 30 минутад "Чанжэн-5" (CZ-5) хүнд зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Хэрэв даалгавар бүхэлдээ амжилттай хэрэгжвэл Хятад улс сүүлийн 44 жилийн хугацаанд сарны гадаргуугаас геологийн дээж тээвэрлэх төслийг хэрэгжүүлсэн анхны улс болох юм.


"Чанъэ-5" сарны аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Энэхүү төслийг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч эхлээд 2019 оны эцэст, харин дараа нь энэ оны 11 дүгээр сард болгон хойшлуулсан байна.  


Хөрсний дээж авчрах төсөл нь сарыг судлах Бээжингийн стратеги зөв эсэхийг практик дээр туршиж үзэх учир БНХАУ-ын сарны хөтөлбөрийг хөгжүүлэх шинэ үе шат болно гэж үзэж байна. Үүнээс гадна, Хятадын сансрын технологийн хөгжүүлж болохуйц хэрэгтэй мэдээллийг олж авна.


Холбоотой мэдээ