"Кириллица" сургуулийнхан эрдмийн баяраа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-05-29 14:37:25

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэх “Кириллица” бага сургуулийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэв.

Кириллица сургууль байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд тус сургуулийн хөтөлбөрийн онцлог нь Оросын боловсролын уламжлалт хэв шинжээс гадна эх хэлний боловсрол, монголын утга соёл, ёс заншлыг үндэсний боловсролын стандарт агуулгын түвшинд эзэмшүүлдэг юм.

Тус сургуулийн захирал доктор, профессор Ц.Магсар “Манай хүүхдүүд бага сургууль төгсөхдөө эх хэлтэйгээ гурван ч хэлний мэдлэгтэй болж үүнийхээ дагуу орос, монгол, англи хэв шинжийн сургуулийг сонгож суралцах боломжтой. Бага сургууль хүүхдийн авьяас чадварыг таних, танигдсан авьяасыг нь хөгжүүлэх хамгийн таатай үе учраас “Кириллица” сургуулийн сурагчид суралцах явцдаа төгөлдөр хуур, бүжиг, театр, найрал дуу, шатар, урлан бүтээх хөдөлмөр гэх мэт хөгжүүлэх хөтөлбөрийн хэд хэдэн төрлөөр өөрийгөө сорих боломжтой байдаг. Энэ нь хүүхдийн хөгжлийн хандлагыг таньж мэдэх, хөгжил төлөвшлийг нь жолоодох хаалга болно. Ийм байдлаар олон сурагч, төгсөгч олон улсын болон хот, дүүргийн түвшний уралдаан тэмцээн, олимпиадад амэилттай оролцож ур чадвараа хөгжүүлж байна. Манай сургалтын хөтөлбөрийн онцлог нь хүүхдэд аль болох багаас нь гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэн авьяасыг нээх, идэвхтэй харилцааг бий болгосноор уг зорилт амжилттай хэрэгжиж эцэг эх, олон нийтийн талархалыг хүлээж байдаг” хэмээн ярьж байв.

Энэ жил тус сургуулийг төгсөж байгаа сурагчид дүү нартаа болон эцэг эхчүүд, багш нартаа юу сурч мэдсэнээ үзүүлж, урлагийн тоглолтоо толиуулсан юм. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа тус сургуулийн  тавдугаар ангийг амжилттай төгсөж байгаа 20 сурагчид сургуулиа амжилттай төгссөний сертификатыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв /ОШУСТ/-ийн захирал Евгений Георгиевич Михайлов болон тус сургуулийн захирал Ц.Магсар нар гардууллаа.

Мөн энэ үеэр сурагч Ч.Уранмандах “Таван онцын эзэн” тэмдэг, сурагч Л.Пүрэвжав “2016 оны шилдэг төгсөгч” медаль, өргөмжлөл, А.Амуна “Тэргүүний сурагч” алтан медаль, өргөмжлөл тус тус хүртсэн юм. “Би “Кириллица” сургуудийнхаа эрдэм ном заасан бүх багш нартаа хайртай. Та нарын ачаар би их зүйл сурч мэдсэн. Таван жил сурахдаа бүх улирлаа онц дүнтэй дүүргэсэн. Орос хэл миний хоёр дахь хэл болсон. Одоо би үргэлжлүүлээд Плехановын нэрэмжит лицей сургуульд суралцана” хэмээн 2016 оны шилдэг төгсөгч Л.Пүрэвжав ярьсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ