Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Мөнгөн буга

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-11-25 10:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. VIII зууны үед Монгол нутагт төр улсаа байгуулан хүчирхэгжиж байсан Түрэгийн хаант улсын үед холбогдох нэгэн сонирхолтой дурсгал нь мөнгөн буга юм.



Мөнгөн буга. Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд орших Билгэ хааны онгоноос 2001 онд олдсон олдвор. Хэмжээ: 16 см х 12 см, Жин - 243,1 грамм.


2001-2003 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2003.5.21-ний өдрийн 124 дүгээр тушаалаар Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэсэн байна.


Бугын хийц нь тухайн үеийн дархны урлалын хөгжлийг илэрхийлдэг. Уг бугыг бүтээхдээ хөөмөлдөх, цутгах, цоолборлох, сийлэх, алт шармал болон гагнуурыг чадамгай ашиглажээ. Бугын эвэр, чих, хошуу нүдийг тойруулан, дал, ташаан толгой, сүүлийг нь хурц үзүүртэй багажаар гүехэн сийлж алтаар шаржээ. Хэвлий тус газраа жижиг цоорхойтой. Эвэр, толгой, хөл сэлтийг их биетэй нь гагнасан. Бугын туруун доод хэсэгт ямар нэгэн зүйл шигтгэн тогтоож байсан бололтой хадаас мэт суурь буй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш чигтэй цэцэг навчин хээг далавч адилаар сийлж, сийлбэрийн нарийн зураасыг тодруулан алтаар шарсан. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь 6 салаатай, гагнаасгүй сул. Нүдний цөцгий, зовхи, хошуу, амыг нь товойлгон урласан. Өндөр нарийн хүзүүг их биетэй нь гагнасан, зогдорын үсийг нарийн зураасаар сийлж алтадсан, мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг нь дүрсэлсэн. Хавиргыг нь хажуу биед 3 хэрчлээс гарган цоолборлон сийлсэн. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Монголын Үндэсний музейн II дугаар танхимд үзмэрт буй.


Иймэрхүү бугын модон сийлбэр 1924 онд П.К.Козловын Ноён ууланд малтсан Хүннүгийн 6-р булшнаас гарч байжээ.


Холбоотой мэдээ