Цахим орчинд худал мэдээлэл түгээсэн 590 гаруй хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-25 12:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчин дахь дутуу боловсруулсан болон худал мэдээллүүдийг шалгаж 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсныг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрээр хэлэхдээ, "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийнхээ дагуу “COVID-19” халдварын цар тахлын үед урьдчилан сэргийлэх, халдвар авсан хүмүүстэй ойрын болон нэг, хоёр, дам хавьтагчийг тусгаарлах, хяналт тавих, тэднийг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Нийт иргэддээ онцгойлон анхааруулахад, халдвар авсан иргэдтэй ойр байсан нэг болон дам хавьтагч гэдгийг Тагнуул, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн иргэд онцгойлон дэг сахих хэрэгтэй байна. Ингэснээр иргэн таны эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх юм. Халдварын хавьтагч иргэд явсан газар орноо санадаггүй, баримжаалдаггүй, зориудаар хэлдэггүй, нуудаг тохиолдол цөөнгүй гаргаж байгаа. Ойрын болон дам хавьтлын хүмүүс үнэн зөв мэдээлэл өгөөгүйгээс болж энэ халдвар нутагших аюултай учир иргэн бүр хариуцлагаа ухамсарлах шаардлагатай" гэдгийг онцоллоо.

Хэрвээ буруу, зөрүү мэдээлэл өгөх болон санаатай мэдээллээ хэлэхгүй бол Монгол Улсын /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалт/ хуулийн дагуу ял, шийтгэлтэй. Тухайн иргэн явсан газар орноо зориудаар хэлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалтад 3 жил хүртэл хорих ялтай, харин бусдад санаатайгаар өвчин халдаасан тохиолдолд 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хууль байдаг.

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мөн "COVID-19” цар тахлаас үүдэн улс оронд учруулах аюул эрсдэл нь нэгд, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлнө. Хоёрт, Та болон ойр дотны хүмүүс цаашлаад нийт ард иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. Гуравт, тухайн иргэн хуулийн хариуцлага хүлээнэ" гэдгийг дурдаад "Цахим орчин дахв дутуу боловсруулсан болон худал мэдээллүүдийг шалгаж байна. Одоогоор 730 гаруй мэдээллийг шалгаж 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна. “COVID-19” халдварын цар тахлын үеийн онцгой дэглэм, журмыг чанд сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ сонордуулж байна" гэсэн юм.   

Холбоотой мэдээ