БНХАУ-аас 4000 жилийн өмнөх үед хамаарах үр тарианы агуулахууд олджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-25 15:57:54

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын төв нутгийн Хэнань мужаас 4000 орчим жилийн өмнөх үед хамаарах үр тарианы 28 агуулахын үлдэгдэл олджээ. Археологичид тэдгээрийг үр тариа агуулах зориулалт бүхий хамгийн эртний байгууламжуудын тоонд орно гэж үзэж байна.


Хэнань мужийн Жоукоу хотод өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн малтлагын үеэр үр тарианы агуулахуудыг олжээ. Археологичид олдворын доод хэсгээс улаан буудай, шар будааны үлдэгдэл олсон тул үр тариа агуулж байсан газар хэмээн тодорхойлжээ.


“Радио-карбон шинжилгээгээр үр тарианы агуулахуудыг Ся улсын /МЭӨ 2070-МЭӨ 1600/ үед хамааруулж болохыг тогтоосон” гэж Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн судлаач, малтлага ажлыг ахлан явуулсан Цао Яньпэн мэдээлсэн байна.


Эдгээр үр тарианы агуулах нь эртний Хятадын үр тариа хадгалах менежмент, татварын тогтолцооны судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ