Жилд 100 сая ам.долларын хөрөнгө оруулж, үйлчилгээнийхээ 90 хувийг цахим болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-25 18:04:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын банкны салбар жилд 100 орчим сая ам.долларыг технологийн шинэчлэлд хөрөнгө оруулснаар тус салбарын үйлчилгээний 90 хувь цахим болжээ.


Ингэснээр нийт харилцагчдын 90 хувь нь цахимаар үйлчилгээ авдаг судалгаа гарсныг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л. Амар өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр дурдав.  


Тэрбээр ярихдаа, “Цар тахлын үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой банк ч гэсэн хүнд нөхцөлд байгаа. Ихэнх үйлчилгээ цахимжиж, харилцагчид үйлчлүүлээд дадсан. Тодорхой тооны буюу тухайлбал, халамж авдаг иргэдийн 10 хувь нь банкны салбараар үйлчлүүлдэг . Эдгээр иргэнд банкны үйлчилгээг цахимаар хүргэхийн тулд банкуудын төлбөр тооцооны төв карт нээж, түгээж байна. Банкны картыг шуудангаар хүргэх боломжтой” гэв.


Хүүхдийн мөнгөний тухайд 441 мянган харилцагч дансаар, 5000 иргэн банкны салбараас авдаг. Цахимаар хүүхдийн мөнгөний данс нээж, карт захиалах боломжтой. 

Холбоотой мэдээ