Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нөхцөл байдалтай танилцаж, хяналт тавив.
Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн талаар мэдээлэхдээ, “Шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөсөн ч коронавирусний цар тахлын улмаас тендер шалгаруулалт хойшилж, ирэх хавраас ажлыг эхлүүлэхээр болсон. Шуурхай бригад гэмтлийг засаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа нь сайн. Нийслэлийн дулаан хангамжийн асуудалд бид цаашид онцгой анхаарна. Хот нийтийн аж ахуйн найдвартай байдлыг бий болгож, засвар шинэчлэл хийхийн тулд санхүүгийн олон эх үүсвэрийг судална” гэв.