Нийслэл болон зарим аймагт 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 20:26:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг зарим аймагт хэвээр үлдээн 10 хоногоор сунгаж, бусад орон нутагт цуцлах шийдвэр гаргасныг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 


Тодруулбал, нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 12 дугаар сарын 1-ний 06.00 цагаас 12 дугаар сарын 11-ний 06.00 цаг хүртэл сунгахаар боллоо. Бусад аймаг, орон нутгийн хувьд 12 дугаар сарын 1-нээс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжих юм. Энэ хүрээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт иргэдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх эрхийг тухайн орон нутгийн удирдлагад нээлттэй байхаар шийдвэрлэв.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэх нийслэл болон зарим аймагт дараах 18 чиглэлийн салбар хэвийн ажиллана. Тодруулбал, Эрчим хүч, хүнсний үйлдвэр, худалдаа түгээлт, газрын тосны үйлдвэр, усны хангамж, эрүүл мэндийн салбар, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж, улсын онц чухал байгууллага, малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа, тээвэр, гоо сайхны үйлдвэрлэл, арьс ноос боловсруулах үйлдвэр, хэвлэх үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, модон эдлэл, барилгын хийц, материалын үйл ажиллагаа, бараа материалын цахим худалдаа, үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ, хууль тогтоох дээд байгууллага, нутгийн захиргааны байгууллага /хязгаарлалттай/, тусгай чиг үүргийн байгууллага, шүүх, прокурор, нотариатын үйл ажиллагаа, оршуулгын үйл ажиллагаа хэвийн ажиллана. 

Холбоотой мэдээ