Долоон аймаг руу зорчих иргэдийг түр хугацаагаар шинжилгээнд хамруулахгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-11-30 10:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутаг буцах иргэд www.119.mn сайтад бүртгүүлээгүй бол "COVID-19"-ийн шинжилгээ авахгүй гэдгийг УОК-ын шийдвэрээр байгуулаад буй орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах Ажлын багаас мэдэгдлээ. Тиймээс бүртгүүлээгүй иргэд өнөөдрөөс дугаарлах шаардлагагүйг сануулж байна. 

Мөн Архангай, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа тул шинжилгээнд хамруулахгүйг анхааруулан сануулж байна. Учир нь зарим аймагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгаад байгаа юм. 

Түүнчлэн их, дээд сургууль, МСҮТ болон политехник, коллежийн оюутнуудад нэгдсэн байдлаар сургуулиар нь дамжуулан шинжилгээнд хамруулах учир орон нутаг буцах нийт иргэдийн хамт шинжилгээ хийхгүйг мэдэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлэхээс 30 гаруй мянга нь оюутнууд байгаа юм.


Холбоотой мэдээ