Цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-30 14:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох зааврыг Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс гаргалаа.


Хэргийн оролцогч техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд “Zoom аппликэйшн ашиглан, өөрийн байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцох боломжтой болж байна.  Хэргийн оролцогч нь интернэт сүлжээ, камер, чихэвч, микрофон, чанга яригч зэрэг техникийн бүрэн бүтэн байдал,  мөн технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хариуцах юм байна. 


Зарлагдсан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгчид тус заавартай ЭНД ДАРЖ  урьдчилан танилцаж бэлтгэлээ хангахыг тус шүүхээс зөвлөж байна.


Ташрамд дурдахад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан.


Тус аргачлалд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах, шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм.


Холбоотой мэдээ