Токиогийн хөрөнгийн биржийн захирал техникийн саатлын хариуцлагыг хүлээж, огцорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /TASS/. Токиогийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч, өдгөө 63 настай Коичиро Мияхара Азийн санхүүгийн хамгийн том энэхүү зах зээл дээр урьд өмнө гарч байгаагүй техникийн саатлын хариуцлагыг хүлээж, огцрох шийдвэр гаргажээ. “Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар, тэрбээр огцрох шийдвэрээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэнэ.
Японы Сангийн яамны байцаагчид өнгөрсөн сарын сүүлчээс хойш Токиогийн хөрөнгийн бирж дээр шалгалт хийжээ. 2020 оны 10 дугаар сарын 1-ний пүрэв гарагт Токиогийн хөрөнгийн бирж дээр техникийн саатал үүссэний улмаас арилжаа бүтэн өдөр зогссон юм. Энэ нь 1999 онд “Fujitsu” корпорацын бүтээсэн гүйлгээний компьютержсон системийг тус биржид нэвтрүүлснээс хойших хамгийн том саатал болсон байна. Уг системийг 2019 оны 11 дүгээр сард шинэчилжээ.
Энэ системд өмнө нь ч бас алдаа гарч байсан байна. Тодруулбал, 2005, 2006 онд техникийн саатлын улмаас бүх ажиллагаа хэдэн цагийн турш тасалдаж байсан бол 2012 онд алдаа гарсны улмаас 200 позицийн арилжааг зогсоохоос аргагүйд хүрч байжээ.
Токиогийн хөрөнгийн бирж дээр өдөрт дунджаар 3 их наяд иен буюу 29 тэрбум орчим ам.долларын хувьцаа арилжаалагддаг байна. Японы Засгийн газар энэ платформыг олон улсын санхүүгийн төв болох үүрэг ролийг бэхжүүлж, гадаадын тоглогчдыг аль болох ихээр татахыг зорьж байгаа аж. Тиймээс Токиогийн хөрөнгийн бирж дээр гарч буй асуудал нь олон улсын бизнес эрхлэгчдийн итгэлийг алдагдуулж болзошгүй гэж Японы эрх баригчид туйлын их санаа зовж байна гэж “Kyodo” агентлаг онцлон тэмдэглэсэн байна.