Аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанаар төсвийн асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-12-03 14:37:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаан өнөөдөр болж байна. Тус хурлаар аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн төсөл, Аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт, газрын нэгдмэл сангийн тайлан, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн 2021 оны нийгэм, эдийн засгийн зорилт зэрэг илтгэлийг хэлэлцэж байна.

Одоогоор аймгийн төсөвтэй холбоотой илтгэлийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хүрээнд албан байгууллагын дарга, эрхлэгч нарыг хуралд дуудан оролцуулж, энэ онд хэчнээн төгрөгийн төсөв санхүүтэйгээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн талаарх тайлбар мэдээллийг авч байгаа юм. Гэвч зарим байгууллагын дарга, эрхлэгч нар хуралд өөрийн биеэр ирж суухгүйгээр мэргэжилтнүүдээ явуулж буйд хурлын төлөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж байна. Тэрчлэн өнгөрсөн дөрвөн жилд сумд, төсөвт байгууллагуудын шилэн дансны мэдээлэл нээлттэй бус байсан, халамж, төсөл хөтөлбөрөөр ирсэн хөрөнгийг хэнд хэрхэн олгосон талаарх мэдээлэл байхгүй байгаа тул эдгээр мэдээллийг хүснэгтээр гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг хурлын зарим төлөөлөгч нар тавьж байсан юм.

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаанд 30 төлөөлөгч танхимаар, 11 төлөөлөгч цахимаар оролцож байна. 


Холбоотой мэдээ