Хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын талаарх судалгааг танилцууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 19:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан “Дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” судалгааны үр дүнг танилцууллаа.


Ингэснээр Монгол Улс нь дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллээс болж зарцуулах өртөг, зардлыг тооцоолсон анхны, цогц судалгааг хийсэн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын нэг болж байгаа юм.


Судалгаагаар Монголд дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн улмаас жилд 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар)-тэй дүйх хэмжээний алдагдал гарч буйг тогтоожээ.


НҮБ-ын Хүн амын сангаас энэ судалгааны гол дүгнэлт болон Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл агуулсан GenderHub цахим санг танилцууллаа. Мөн “Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” хэлэлцүүлэг болов.


“Дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо” нь жендэрт суурилсан хүчирхийллээс болж хувь хүн, өрх гэр төдийгүй улсын эдийн засагт ямар их хөрөнгө зарцуулж буйг тогтоох судалгааны хоёр дахь нь юм.


Эхний судалгаагаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан үйлчилгээний өртгийг тооцжээ. Судалгааг НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн Газар хамтран хэрэгжүүлж буй 4 жилийн үйл ажиллагааны хүрээнд хийжээ.


Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний Статистикийн Хороо хамтран “Хүчирхийллийн нүцгэн үнэн” жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний анхны судалгааг 2017 онд хийсэн.

Судалгааны тоон болон захиргааны мэдээлэлд суурилан дотны хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн улмаас иргэдийн халааснаас гарч буй өртөг, алдагдсан орлого, цалингүй ажилладаг өрхийн хөдөлмөр, асаргаа сувилгааны ажил, хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал зэрэг өртгийг тооцоолжээ.


Энэ чиглэлээр ажилладаг байгууллага, шийдвэр гаргагчид хүчирхийллийн нөхцөл байдлын тоон мэдээллийн тусламжтай оновчтой, зөв шийдэл, арга замыг тодорхойлж чадна.


Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг үр дагавар учруулж байна.  


Тооцоо судалгаагаар хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 601.2 тэрбум төгрөг (247 сая ам.доллар) болжээ. Үүнд:

o   Хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр авч байгаа үйл ажиллагааны нийт зардал (үйлчилгээний урсгал зардал) 24 тэрбум 167.9 сая төгрөг (9.9 сая ам.доллар).


o   Ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс үүдэлтэй хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гарах нийт хохирлын өртөг 577 тэрбум төгрөг (237 сая ам.доллар) байгаа нь өнөөгийн үйлчилгээнд зарцуулж буй зардлаас бараг 24 дахин их юм.


§  Үл үзэгдэх зардал хэмээн нэрлэгддэг хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал Монголд дотны хамтрагчийн хүчирхийллээс үүдэлтэй нийт хохирлын өртгийн 90 хувийг эзэлдэг.


§  Хүчирхийлэлд өртсөний улмаас хохирогчийн хувьд алдсан орлого 18 тэрбум 517.4 сая төгрөг (7.6 сая ам.доллар).


§  Цалин хөлсгүйгээр ажилладаг өрхийн хөдөлмөр, асаргаа сувилгааны ажлын алдагдал 11 тэрбум 275 сая төгрөг (4.6 сая ам.доллар).


§  Хувь хүнээс гарсан зардал 6 тэрбум 592.8 сая төгрөг (2.7 сая ам.доллар) байна.


Үйлчлүүлэгчдийн тоо одоогийнхоос 75 хувиар өссөн тохиолдолд шаардагдах хөрөнгө нь хүчирхийлэлд өртсөний улмаас гарах зардлын дөнгөж 7.3 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэнэ. Иймд хөрөнгө нөөц их үрэлгүй гэр бүлийн бүх хохирогчдод хүрч үйлчлэхийн тулд үйлчилгээг өргөжүүлэх боломжтойг судалгааны дүн харуулж байна.

Холбоотой мэдээ