Боловсролын салбарынхан хүчирхийллийн эсрэг хамтран ажиллаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-12-04 17:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д боловсролын салбарынхан нэгдлээ.

 

Энэ хүрээнд боловсролын салбарын нэгж байгууллагууд өөр өөрийн онцлогт тохируулан төлөвлөлт хийж, уриалга гаргах, цахим мэдээлэл, сурталчилгааны агуулгадаа тусгах зэргээр хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн ажлыг эхлүүлээд байна.

 

Тухайлбал, "Хүндлэлд хүйс хамааралгүй", "Яг одоо хүчирхийллийг цэглэе”, "Сэтгэл зүйн зөвлөгөө-сэтгэлийн дархлаа", "Хөршөө сонсъё", "Хүчирхийллийг зогсооё", "Хүчирхийлэлгүй байя", "Эерэг хандлага түгээе", "Цахим орчинд эерэг байя", "Хайрлая хамгаалъя" зэрэг аян, ажил эхлүүлжээ. Мөн “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” постер, “Хүчирхийлэлгүй хөрштэй байя” гарын авлага, хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрийг илэрхийлсэн богино хэмжээний шторк, зөвлөмж зэргийг бэлтгэн эцэг эх, олон нийтэд таниулж байна.

 

Сургуулийн удирдлага, багш, ажилтнууд болон ахлах ангийн сурагчдад "Жендэрийн мэдлэг, ойлголт олгох нь", "Жендэрт суурилсан хүчирхийллээс урьчилан сэргийлэх" нь цахим сургалт, "Жендэрийн тэгш бус байдал хүүхдийн нүдээр" уран зураг, эсээ бичлэг, гар зургийн уралдааныг цахим орчинд зохион байгуулж байгаа юм.

 

Түүнчлэн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд цахим сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт хийхээс гадна цахим орчин дахь итгэлтэй утас ажиллуулж зөвлөгөө өгч эхэллээ.

 

Аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ерөнхий боловсролын сургуулийн болон багш нарын цахим хуудсаар дамжуулан аяны талаарх мэдээлэл, сурталчилгааг тогтмол түгээж байгаа аж

 

Ташрамд дурдахад, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилготой өрнүүлж ирсэн бөгөөд энэхүү аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон байна.

 

“COVID-19”халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлээрээ амьд харилцаа үүсгэж, хайртай хүмүүсийнхээ сайн сайхны төлөө үүрэг хүлээж, нийгэмд эерэг сэтгэгдэл түгээх, хүчирхийллийн эсрэг ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор боловсролын салбарынхан энэхүү аянд нэгджээ.


Холбоотой мэдээ