Агаарын бохирдлыг ажиглах иргэдийн хяналтын платформын нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөллийг тэдний оролцоо, мэдээлэлд түшиглэн хянах платформын нээлт өнөөдөр цахимаар боллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангаас "Хүний эрхийн олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Агаар ажиглагч буюу агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналт" платформыг танилцуулав.
Нээлтийн үеэр цэвэр агаар яагаад Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл байх ёстой талаар дотоодын болон олон улсын мэргэжилтнүүд харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
НҮБ -ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын үзүүлэлтүүдийг харуулахаас гадна хүний эрүүл мэнд болон нийгэм-эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буйг иргэд, олон нийтийн оролцоотой тодорхойлох, олон талт дүр зургийг нэгтгэн харуулах боломжтой хяналтын платформ бий болгох ажлыг хамтран эхлүүлж байна” хэмээв.
Монгол Улсад 2019 оны байдлаар 5-аас доош насны 1500 хүүхэд уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн бөгөөд агаарын бохирдол голлох шалтгааны нэг байжээ. Тэр дундаа Улаанбаатар хотын захын болон гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээ харьцангуй өндөр байдаг. Үүнээс үүдэн эцэг эхчүүд өвдсөн хүүхдээ асрах зорилгоор ажилдаа явалгүй өнжих, үүний улмаас цалин, орлого буурах эрсдэлтэй төдийгүй хүүхдийн сурч боловсрох цаг хугацаа алдагдах зэрэг сөрөг нөлөөлөл бий болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Агаар ажиглагч хэмээх энэхүү цахим хэрэгсэл нь хэн нэгнийг буруутгах, шүүмжлэх гэсэн зорилго агуулаагүй. Агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг олон нийтийн мэдээлэлд тулгуурлан илүү нухацтай, өргөн хүрээнд ойлгох зорилготой юм. Мөн өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох талаар зөвлөгөө, мэдээллээр хангах хэрэгсэл юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана тодотгов.
Нээлтэд 100
орчим хүн оролцсон юм.