Д.Жавзандулам:Олон олон алдартныг төрүүлсэн сургуулийнхаа мартагдсан нэрийг хамтдаа гаргаж чадлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол орны өнцөг булан бүрт хөдөө аж ахуйн дунд мэргэжилтэнг бэлтгэж байсан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникум хэмээх номын их өргөөний тухай өнөөдөр мартжээ бид.
Ирж буй
цагийн аясаар, зах зээлийн шилжилтийн их шуурганд өртөж, үнсэн товрого болсон
энэхүү номын их өргөөг дурсах нэг нь “. . . сайхан сургууль байж билээ,
хайран барилга байгууламж, тэр доторх тохижилт эрдэнийн чулуун хана, үнэхээр гоё сургууль байсан даа” хэмээн дэмий л халаглах байх. Тэгвэл тэнд сурч
байсан, тэндээс ажил, амьдралын их далайд сэлүүрээ жолоодон гарсан хүмүүс өөр дурсамжийг
өгүүлэх нь мэдээж. Тэд сэтгэлдээ гунигтай, дурсамждаа харуусал тээсээр өнөөг
хүрчээ. 80-аад жилийн түүхтэй Алтанбулагийн техникум өнөөдөр түүхээс арчигдсан
гэж болохоор. Тэнд ажиллаж, хөдөлмөрлөж явсан хүмүүс өнөөдөр харьяалалгүй, хэн
ч тэднийг дурсахгүй, чих тавин хүлээсээр 30 гаруй жилийг үджээ. Тэндээс үлдсэн
хүмүүс өнөөдөр өндөр настан болж, харьяалалгүй ахмадуудын эгнээнд шилжсэн байна.
Алтанбулагийн техникумаар овоглосон
дурсамжаа 30-аад жил хадгалж, мартагдсан сургуулийн хаягдсан багш, ажилчид
хэмээх тодотголтой үлдэхгүйн тулд дахин сануулах сэтгэлээр тус сургуулийн 1990
оны Зоогийн
ангийн төгсөгч Д.Жавзандулам, З.Ууганбаяр нар санаачлан Алтанбулагаар
овоглосон техникумын
үе үеийн
төгсөгчдөө уриалан “Цар тахал, хорио цээрийн
дэглэмийн үед Алтанбулаг сумынхандаа туслах сэтгэлийн аян” өрнүүлсэн нь сэтгэлд хүрсэн ажил болов. Энэхүү техникумын 1990
оны Мал зүйч буюу Зоогийн ангийнхны санаачилгаар эхлүүлсэн аянд мастер
багш, механик
инженер, агротехник, малын
эмч, сүү
технологи, зоотехник
буюу мал зүйч мэргэжлээр төгссөн үе үеийн оюутнууд, багш нар нэгджээ. Тэд сэтгэл зүрхээрээ, анги ангиараа нэгдэн, маш идэвхтэй оролцож, нийт
3.700.000
төгрөгийг цуглуулсан байна.
Энэхүү цугласан хандиваа зохион байгуулагчдын зүгээс гурван чиглэлд сэтгэлийн
дэм болгон түгээхээр шийджээ.
Нэн түрүүнд дэлхий нийтийг
донсолгоод буй аюулт цар тахал сурч, хөдөлмөрлөж, амьдарч байсан нутагт нь
гарсан учраас түүний эсрэг өдөр, шөнөгүй зүтгэж буй төрийн албан хаагчдад
хүргэхээр болов. Хамгийн гол ажил болох түгээлтийг тус сургуулийн төгсөгч М.Дарханбаатар, П.Эрдэнэчимэг, Д.Бямбажав нар гардан гүйцэтгэлээ. Тэд гараагаа Алтанбулаг сумын ЗДТГ-аас эхэлсэн бөгөөд тэр мөчид Алтанбулаг сумын шинэ Засаг дарга ажлаа
хүлээн авч, тамгаа гардан авч байсан ёслолтой таарсан нь бэлгэшээлтэй үйл болжээ.
Тэд шинэ дарга түүний баг хамт олонд сэтгэлийн дэм болсон ариутгалын бодис нэг хайрцаг, амны
хаалт 100 ш-ийг гардуулан өгч, амжилт хүссэн байна. Хандив үргэлжилсээр сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүдэд мөн ариутгалын
бодис, амны
хаалтаа өгчээ.
Хоёр дахь чиглэл ёстой л өнөө
мартагдсан сургуулийн хаягдсан настнуудаа баярлуулав. Цагтаа цалгиж, хөдөө аж
ахуйн чиглэлээр олон сайхан мэргэжилтэн бэлтгэн гаргах үйлсэд өөрийн оюун
ухаан, эрдэм мэдлэгээ харамгүй зориулж байсан долоон багшид тус
бүр 100.000
төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ. Мөн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн
техникум гэсэн их айлын гал тогоонд багтаж, ажил хөдөлмөр эрхлэн хүч
хөлсөө зориулж явсан тогооч, туслах
тогооч, үйлчлэгч, нярав
нягтлан бодогч, жижүүр, туршлагын
ногооны талбайн манаач зэрэг олон хүнд энэхүү хандивын хишгийг тус бүрд нь хүртээжээ. Овоглож явсан албан байгууллага нь үгүй болж, харьяалах эзэнгүй удсан хөгшид гэнэт “Алтангийн техникумынхан байна гээд ороод ирнэ
чинээ санаагүй шүү” хэмээн сэтгэлээ барьж ядан баярлаж буйгаа илэрхийлж сууна.
Сэтгэлийн аяныхны гурав дахь зорилго бол тус сумын харьяат боловч харьяалсан байгууллагагүй, тусламж дэмжлэгийн ард хоцорч байдаг, тэрбүрчлэн өөрсдөө дэмжлэг хүсээд явж чаддаггүй иргэд байв. Энэхүү зорилгынхоо хүрээнд өнөөдөр яг тусламж дэмжлэг хэрэгтэй, олон жил өвчтэй асаргааны хүнтэй өрх, хорионы улмаас аав ээж нь байхгүй бага насны хүүхдүүд гэх мэт 40 гаруй өрхөд хүрчээ. Алтанбулагийн техникумынхан хандив тусламжаа цагаа олж эзэн эзэнд нь хүргэж чадсандаа сэтгэл дүүрэн байв. Үе үеийн төгсөгчид, багш, ажилчдын сэтгэлийн илч шингэсэн энэхүү буяны өглөгийг түгээгч М.Дарханбаатар, П.Эрдэнэчимэг, Д.Бямбажав нарын зүгээс “хөгшид буурлууд, ядарсан хүмүүсийг баярлуулах ямар сайхан байдаг юм бэ. Бид өвлийн хүйтнийг эс анзаарч, хорио цээрийн дэглэмийн энэ хүнд өдрүүдэд нэг ч болтугай ядарсан нэгэндээ дэм болох үүднээс энэхүү хандивын зүйлсийг түгээлээ” гэв.
“Цар
тахал, хорио
цээрийн дэглэмийн үед Алтанбулагийнхандаа туслах сэтгэлийн аян”-ыг санаачлан зохион байгуулсан Д.Жавзандулам: “Би тэртээ 30-аад жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн
техникум гэж Монгол Улсын өнцөг булан бүрт хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг маш том сургуулийг төгссөндөө бахархаж явдаг. Энэ ч
утгаараа олон
олон алдартныг төрүүлсэн сургуулийнхаа мартагдаад байсан нэрийг
хамт олныхоо дэмээр дахин хамтдаа гаргаж чадлаа. Цар тахлын вирусийн тархалттай байгаа, хэцүү хөл хорионы үед Алтанбулагийнханд туслах сэтгэлийн өглөг аянд нэг анги шиг нэгдэж, нэг
санаагаар оролцсон багш, оюутан, үе
үеийн төгсөгч нартаа маш их баярлалаа” хэмээн өгүүллээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА-н техникум нь
анх Хэнтий аймагт мал эмнэлгийн хоёр жилийн сургууль нэртэйгээр байгуулагдаж
байсан бөгөөд улмаар 1947 онд Алтанбулагт шилжин ирсэн байдаг. Ингээд 1953
оноос Сүхбаатар хотын Зоотехникумтай нийлж, Зоо мал эмнэлгийн техникум болжээ. Дараа
нь 1959 оноос Агротехник, механикийн мэргэжлийн ангиуд шинээр нээж, ХАА-н
техникум болон өргөжсөн аж. Тухайн үед уг техникум нь агротехник, механикч, зоотехникч,
малын бага эмч, сүүний мехник технологич, үйлдвэр сургалтын мастер багш зэрэг
дунд мэргэжилтнийг бэлтгэн гаргадаг манай улсын томоохон техникумуудын нэг байж.
Энэ ч утгаараа тухайн жилүүдэд дээрх мэргэжлүүдээр 5000 шахам мэргэжилтэн
бэлтгэж, ХАА-н салбарт хүч нэмэгдүүлэн илгээж байжээ. 500 гаруй оюутан,
100 гаруй багш, ажилчинтай байсан тус
сургуулийн түүхэнд 1976-1977 оны хичээлийн жилд дөрвөн давхар хичээлийн шинэ байр, хоёр
давхар, гурван оюутны дотуур байр сүндэрлэн ашиглалтад орж, Алтанбулаг
сумын хөгжилд өнгө нэмэн сүндэрлэсэн байдаг. Энэ үед эрдэм номын охь ундарч, хөдөө
аж ахуйн дунд мэргэжилтнүүдийн
номын их өргөө өргөжин
тэлж байжээ. Гэвч зах зээлийн хар шуурга энэ сайхан сургуулийг мартахад хүргэв.
Гэвч үе үеийн төгсөгчид байгаа цагт үл мартагдан тэдний буяны мөр үлдэх нь дамжиггүй ээ.





