Орон нутагтаа ирэх иргэдийн хөдөлгөөнийг гурав хоног сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос орон нутагтаа ирэх иргэдийн хөдөлгөөнийг гурав хоног сунгалаа.
Иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгасныг холбогдох албанаас олон нийтэд мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн мэргэжлийн байгууллагын алба хаагчид гурван постод зорчигчдод хяналт тавин ажиллаж байгаа ажээ.
Түүнчлэн аймгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн тухайлбал, хүнс тээвэр их хийж байна. Үүнтэй холбоотойгоор тээврийн жолооч нар аймгийн ХХААГ-аас гарал үүслийн бичиг, харьяа сумын ЗДТГ-аас тээвэрлэлтийн зөвшөөрөл, Онцгой байдлын газраас хот хооронд хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийн бичгээ авч байхыг санууллаа. Эдгээр холбогдох бичгүүдийг аваагүй тохиолдолд бусад аймаг, хотын постууд нэвтрүүлэхгүй ажээ.