Гэр хорооллын цахилгааны ачаалал 2 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-17 19:32:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. нийслэл Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчний хэрэглээ, ачаалал өнгөрсөн 24 цагийн байдлаар өмнөх өдрийн адил хэмжээнд байж орон сууцны хорооллын хэрэглээ 5 хувиар нэмэгджээ. 

Харин гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өчигдөр 22 хувиар өсөлттэй байсан бол өнөөдөр 20 хувь болж, 2 хувиар буурсан талаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" (УБЦТС) ТӨХК-ийн Технологийн албаны дарга Т.Мөнхболд өнөөдөр мэдээлэв.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр, өчигдөр эрчим хүчний системийн хоногийн оргил ачаалал 1,280 МВт хүрч ажиллажээ. (Өнөөдөр 18.00 цагийн байдлаар 1,150 МВт болоод байна). Өчигдөр нийт ачааллын даахын тулд ОХУ-аас 174 МВт-ыг импортоор авч ажилласан байна. 


Үүнийг өнгөрсөн оны мөн өдөртэй харьцуулахад 15 хувиар өссөн бөгөөд ОХУ-аас авсан импортын эрчим хүчний хэмжээ 2 дахин нэмэгджээ. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ өчигдөр өдрөөс буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс 28 МВт-аар, импортын эрчим чадал 78 МВт-аар тус тус буурчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацанд УБЦТС ТӨХК-ийн дуудлагын 7004-7004 дугаарын утсанд 3697 дуудлага ирсэн нь өмнөх өдрөөс 1300-аар багасчээ. 

Гэрэл зургуудыг Б.Чадраабал



Холбоотой мэдээ