П.Долгор:Аливаа амжилтын эх үндэс хөдөлмөрч, эвсэг байдал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Долгортой уулзаж ажил,амьдралын туршлагаас нь хуваалцлаа. Тэрбээр архив бичиг хэргийн улсын үзлэгт манай аймаг улсдаа тэргүүн байранд ороход Аймгийн ЗДТГ-ын албан хэрэг хөтлөлт, архив бичиг хэргийн ажлыг чамбай сайн гүйцэтгэсэн ажлын туршлагатай хүний нэг.
-Та олон жил төрийн албанд ажилласан. Анх яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би 1979 онд ХАА-н техниккумыг агротехникч мэргэжлээр төгссөн. Техникумаа төгсөөд Буянт сум дахь ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар, 1980 оноос аймгийн МХЗЭ-ийн хороонд дотоод ажлын зааварлагчаар орж ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш Эвлэл, Хүүхдийн байгууллагад ажиллаж байгаад 1995 оноос аймгийн Засаг даргын туслахаар, 1997 оноос эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-2015 онд таны хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Алтангадас” одонгоор шагнасан. Амжилттай ажиллахад хамт олон чухал нөлөө үзүүлдэг. Хамт олныхоо талаар ярьвал?
-Аливаа ажлын амжилт гэдэг бол ганцхан хүнээс шалтгаалдаггүй. Миний хамт олны хичээл зүтгэл, эвсэг уур амьсгал, ажилч хичээнгүй, хөдөлмөрч чанар гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ер нь аливаа хамт олны амжилттай ажиллахын эх үндэс нь л хөдөлмөрч эвсэг байдал юм шүү дээ.
-Таныг хамт олон дундаа үлгэр дуурайлал болсон сайхан эмэгтэй гэж хүмүүс ярьдаг. Таны бодлоор сайхан эмэгтэй гэж?
-Эмэгтэй хүн нь байгалиасаа заяасан сүү шиг сайхан сэтгэлтэй байдаг шүү дээ. Миний хувьд ханьдаа, үр хүүхдүүддээ халамжтай, хамт олондоо хүндлэгддэг, залуу үедээ тусалж, дэмжиж зөвлөж, зааж сургаж, бусдад тус дэм болох сэтгэлийг байнга өвөрлөж явдаг эмэгтэйг л сайхан эмэгтэй гэж боддог доо. Би энэ зарчмыг баримтлан ажиллаж амьдарч байна.
Бүх талаар арван хуруу тэгш хүн байх нь чухал биш, харин хир зэрэг ухаантай, мэдлэгтэй байна вэ гэдэг нь чухал юм.
-Эмэгтэй хүний хамгийн сайхан зан чанар гэж юу вэ?
-Ямар ч үед нэг зангаараа байдаг, олон ааш араншин байхгүй л бол хамгийн сайхан зан чанар гэж боддог доо.
Эмэгтэй хүнд гоо сайхан, сайхан сэтгэл, энхрий зөөлөн ааш, бусдыг ойлгох хүсэл зэрэг гайхамшигтай нэгдмэл чанарууд байдаг. Амьдрал дээр зөвхөн эмэгтэй хүнийг л, байгаль эх торгон мэдрэмжтэй, уужим сэтгэлтэй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр энэрэлийн мөнхийн эх үүсвэр байхаар заяасан гэж боддог.
-Эмэгтэй хүнд ажил мунддаггүй. Гэр орон, их ажлын хажуугаар өөртөө цаг зав гаргаж чаддаг уу?
-Ер нь эмэгтэй хүний ажил мундахгүй ч гэсэн цаг завыг гаргаж өөрийнхөө хөгжлийн төлөө зарцуулдаг байх хэрэгтэй.Дан ганцаараа хөгжихийн төлөө бус, бусдад түгээхийн тулд өөрийгөө хөгжүүлдэг. Өөртөө зав чөлөө гаргаж үр хүүхдээ асрах, гэр орныхоо ажлыг амжуулахаас эхлээд аль болох зүгээр суухгүйг л хичээдэг дээ.
-Монгол эмэгтэйчүүд аль ч орны эмэгтэйчүүдээс ёс жаяг, цэвэр ичимтгий зангаараа ялгардаг гэлцдэг. Гэтэл сүүлийн үед энэ ярианы үнэ цэнэ алдагдаад байх шиг. Энэ талаар таны бодол. Эмэгтэй хүний үнэ цэнэ гэж юу вэ?
-Эмэгтэй хүний үнэ цэнэ хүмүүжилд оршдог. Бидний үе бол ахмад үеийнхээ сургаалийг дагаж, өдийг хүртэл амьдрал ахуйдаа шингэтэл баримтлан явж байгаа. Гэтэл одоогийн хүүхдүүд тэр бүр санаанд хүрдэггүй. Өөрсдийн өссөн хүмүүжлээр сургах гэхээр та нарын үе өнгөрсөн гэх хандлага нилээд ажиглагдаад байна л даа. Ер нь сүүлийн үеийн охид бүсгүйчүүд төдийгүй залуус маань хүний үг маш бага сонсдог болсон байна. Манай монголын зан заншил гэдэг агуу зүйл бий. Эртнээс нааш монгол эмэгтэйчүүдийн баримталж ирсэн ёс жаягийг ялангуяа сүүлийн үеийн охидуудад зааж зөвлөж, өвлүүлж үлдээх шаардлагатай юм шиг санагддаг. Энэ талаар залуу үед өвлүүлэх ажил орхигдоод байна.
-Эмэгтэй хүн, ээж хүнээс асуулгүй өнгөрч болохгүй байх. Анх ээж болж байхад төрсөн сэтгэгдэл. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүхэдтэй. 2 ач 1 зээтэй. Ерөнхийдөө ээж гэж дуудах 8 хүүхэдтэй, өнөр өтгөн айл болсон. Анх ээж болох мэдрэмжийг бол үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Ээж гэж дуудуулах нь эмэгтэй хүний хамгийн эрхэм алдар шүү дээ. Хорвоод эмэгтэй хүн болж төрсний хувьд үрийнхээ дууг сонсоно гэдэг бол юутай ч зүйрлэшгүй аз жаргал юм. Анх ээж болохдоо л ээжийгээ улам илүү хайрласан даа. Манай ээж насаараа мал малласан одоо 95 нас хүрч байгаа сайхан буурай бий. Биднийг маш сайхан хүмүүжлээр өсгөж хүмүүжүүлсэн. Мөн миний хадам ээж миний ээжтэй маань чацуу сайхан буурай байдаг. Хоёр сайхан ээжтэйгээ өдий хүртэл хамт байгаадаа их баярлаж явдаг юм.
-Амжилттай яваа хүн бүрийн ард сайхан гэр бүл, сайн хань байдаг. Та гэр бүлээ танилцуулна уу?
-Миний хань Дарви сумын уугуул, Ц.Бямбацогт гэдэг хүн бий. Бас ах дүү олуулаа. Есөн хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд. Хань минь Цагдаагийн дээд сургууль, Галын сургууль төгссөн эрхзүйч, галын техникч мэргэжилтэй.
Бид хоёр ханилаад 35 жил болж, гурван сайхан хүүхэдтэй, ам бүл нэмж 10-уулаа болсон байна.. Миний хань ХЦ-ийн …дугаар анги, Гал түймэртэй тэмцэх газар буюу одоогийн Онцгой байдлын газар ажиллаж байгаад, одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа. Үр хүүхэддээ түшигтэй, ханьдаа халамжтай жирийн л нэг сайхан монгол эр хүн байдаг даа.
-Ажлаас гадуур та юунд хамгийн их цаг зарцуулдаг вэ? Тайвшрал, эрч хүчийг хаанаас авдаг вэ?
-Миний энерги авдаг хамгийн гол зүйл бол гэр бүл, хамт олон маань байдаг. Гэр бүл хамт олныхоо дунд байхад стресээ мартаж тайвшрал авч аз жаргалтай болж чаддаг. Ер нь эрч хүч, энерги авдаг олон хүчин зүйл бий.
Миний хоёр ээж маань их ажилсаг хүмүүс л дээ. Би ч гэсэн ээжүүдийнхээ сургаалиар ч юм уу ердөө зүгээр сууж чаддаггүй. Гэр орныхоо ажлыг хийхийн хажуугаар өөртөө цаг зав гаргаж ач, зээгээ харах, юм оёх хатгах, сайхан хоол хийх, сонин, сэтгүүл унших, цэвэр агаарт гарах, мод, цэцэг, ногоо тарих түүнийг арчилж ургуулах гээд чөлөөт цагаараа их л ажлыг амжуулдаг даа. Би сонин сэтгүүл болон бусад мэдээллийн хэрэгслэлүүдээс өөртөө ашигтай зөвлөлгөө, зөвлөмжүүдийг цуглуулах түүгээрээ гарын авлага болгон амьдрал ахуйдаа ашигладаг. Мөн миний хийх дуртай ажил бол цэцэг тарих. Би гэртээ болон албан тасалгаандаа 80 орчим цэцэг тарьсан. Цэцэгнүүд маань ургаад, цэцэглээд өнгө орох тусам л баярлаж түүнээсээ их эрч хүч энерги авдаг даа. Заримдаа цэцэгтэйгээ ярих ч үе байдаг шүү.
-Та эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх вэ?
-Эмэгтэйчүүд, охидууддаа хандаж хэлэхэд эмэгтэй хүний нандин чанараа хэзээ ч гээж болохгүй шүү. Орсон гарсан хүмүүст мэндтэй, цайтай, хань ижил, үр хүүхэддээ халамжтай байгаарай л гэж захимаар байна даа.
А.Бямбасүрэн