Коронавирусний шинжилгээ хийх боломжтой хувийн 21 лаборатори бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-28 14:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ хийх 36 лаборатори  ажиллаж байгаа. Үүнээс гадна халдвар илрүүлэх, энэ талын шинжилгээ хийх боломжтой хувийн 21 лаборатори байгааг ЭМЯ-наас мэдээлэв. 

Хэдий тийм ч өнөөдрийн байдлаар хувийн лабораториудаас "COVID-19"-ийн халдвар илрүүлэх ажилд оролцох санал, хүсэлт ирээгүй байна. Нэг ёсондоо халдвар илрүүлэхэд хувийн лаборатори одоогоор оролцоогүй байна. ЭМЯ-наас халдварын нөхцөл байдал тулгамдсан үед лабораторийн нөөц боломж ямар байхыг судалж, шинжилгээний аппарат болон лабораторийн хүрэлцээ, хүчин чадал дутагдсан нөхцөлд хувийн лабораториудыг ашиглана гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн. Нэг ёсондоо одоо байгаа PCR лабораториуд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд цаашид дутагдсан нөхцөлд хувийн эмнэлгүүдийн лабораториудыг ашиглахаар төлөвлөжээ. 


"COVID-19"-ийн халдвар олон нийтийн дунд гарсан эсэхийг тогтооход PCR шинжилгээ тогтмол хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг зөвхөн PCR лабораториор хийсэн шинжилгээнд үндэслэж байгаа. Энэ үүднээс "COVID-19"-ийн халдвар бүртгэгдсэн улс орнуудад PCR лабораторийн хүчин чадлыг өргөжүүлэх чиглэл өгөөд байна. 


Манай улс дахь PCR-ийн 36 лаборатори нь өдөрт 15-30 мянган сорьц шинжлэх хүчин чадалтай. "COVID-19"-ийн халдвар анх илэрсэн энэ оны 3 дугаар сараас хойш ХӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт PCR-ийн лабораторийг шинээр байгуулсан юм. 


Холбоотой мэдээ