“COVID-19”-ийн талаар бичсэн сэтгүүлчдийг суллахыг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-31 10:28:42

ОТТАВА. /CВС/. БНХАУ-ын Ухань хотод тархсан коронавирусний талаар энэ оны эхээр мэдээлж байсан сэтгүүлч Жан Жанийг хорих ялаар шийтгэснийг Канад улс буруушаажээ.


"Иргэний сэтгүүлч Жан Жаньд 4 жилийн хорих ял оноосонд маш их санаа зовж байна. Түүнийг болон Фан Бин, Ченг Мэй, Кай Вэй зэрэг Хятадад дэгдсэн “COVID-19” цар тахлын талаар бичсэн бусад хүмүүсийг нэн даруй суллахыг бид уриалж байна" гэж Канадын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


Канадын ГХЯ мөн Хонконгийн сөрөг хүчнийхнийг БНХАУ хавчин гадуурхаж байгааг буруушаасан байна. “Хонконгийн идэвхтнүүдийг хаалттай шүүж байгаад Канад улс ихээхэн түгшиж байна. Шүүх хурлаа олон улсын хүний ​​эрхийн хууль, стандартын дагуу ил тод нээлттэй явуулахыг Хятадын эрх баригчдад уриалж байна” гэж Канадын ГХЯ-ны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Уханьд дэгдсэн коронавирусний талаар мэдээлснийх нь төлөө сэтгүүлч Жан Жаньд Шанхай хотын шүүхээс энэ сарын 28-нд дөрвөн жил хорих ял оноожээ. Мөн энэ өдөр өнгөрсөн наймдугаар сард тэнгисээр дамжин Тайвань руу гарахыг оролдсон Хонконгийн идэвхтнүүд болох 10 залуугийн хаалттай шүүх хурал Шэньжэн хотод эхэлсэн байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тэдэнд өмгөөлөгчид, төрөл төрөгсөдтэйгөө холбоо барихыг зөвшөөрөхгүй хэвээр байгаа аж.


Холбоотой мэдээ