Дахин нэг нууцлаг металл хөшөө Торонтод гарч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2021-01-02 12:41:21

ОТТАВА. /CTV/. Өмнө нь АНУ болон Европын хэд хэдэн орноос олдож байсантай төстэй бас нэг нууцлаг цул металл хөшөө Канадын Торонто хотод бий болжээ.


"CTV" телевизээр мэдээлснээр, 3.5 метр орчим өндөр уг хөшөө шинэ жилийн өмнөхөн Онтарио нуурын эрэг дээр гэнэт гарч иржээ. Хэд хэдэн газраас урьд өмнө олдож байсан металл хөшөөнүүдтэй төстэй уг хөшөөний хажууд зургаа авахуулахаар нутгийн оршин суугчид эрэг рүү олноороо явах болсон байна. Металл хөшөө соёлыг сүйтгэгчдийн гарт өртөж, улаанаар будагдаж амжжээ. Хотын захиргаа энэ объект Торонтод бий болсныг мэдэж байсан гэж мэдэгдсэн боловч хэн, хэзээ байрлуулсныг мэдэхгүй байгаа аж.


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр АНУ-ын Юта муж улсын алслагдсан цөлөөс анхны ийм металл цул хөшөө олдсон юм. Гялалзсан металлаар хийсэн тэгш өнцөгт хөшөө нь 4 м орчим өндөр байжээ. Стэнли Кубрикийн ‘2001: A Space Odyssey’ кинонд гардаг байгууламжийг санагдуулам нууцлаг цул металлыг байгаль хамгаалагчид муж улсын зүүн өмнөд хэсэгт нисдэг тэргээр шалгалт хийх үеэрээ санамсаргүй олж харжээ. Гэвч уг хөшөө хэсэг хугацааны дараа гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон байна.


Дараа нь ийм хөшөө Калифорни муж улсад, мөн Их Британи, Герман, Испани, Нидерланд, Польш, Румын, Словени улсуудад гарч ирсэн билээ.

Холбоотой мэдээ