Хөвсгөл аймагт 6кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-04 12:14:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 6кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орж, цахилгааны хэт ачааллын үед эрчим хүчээр хязгаарлах шаардлагагүй болсон байна. "Хөвсгөл Эрчим хүч" компанийн 680 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр "Хос хан хөхий" компани  бүтээн байгуулалтыг хийж,  гэрээнд заасан хугацаанаас өмнө хүлээлгэн өглөө. Тус байгууламж ашиглалтад орсноор өвлийн хүйтэнд цахилгаан эрчим хүчээр хязгаарлахгүй болж байна гэдгийг "Хөвсгөл  Эрчим хүч" компанийн ахлах инженер Г.Даваадорж мэдээллээ.


Хөвсгөл аймаг 2004 онд төвийн эрчим хүчний системд холбогдож 24 цагийн цахилгаантай болсноос хойш эрчим хүчний хэрэглээ их нэмэгдэж 2010 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани  Мөрөн дэд станцыг хүчин чадлыг 2 дахин нэмсэн байна. Мөн 2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хэт их  нэмэгдэж байгаа учраас 3 дахь трансформаторыг суурилуулсан боловч ачаалал их байгаа тул шаардлагатай бүтээн байгуулалтыг "Хөвсгөл эрчим хүч" компани, Мөрөн дэд станцууд хийж байна. Ялангуяа цахилгааны үнийг тэглэх Засгийн газрын шийдвэрээс хойш  Хөвсгөл аймагт эрчим хүчний хэрэглээ 10-15 хувь нэмэгдсэн учраас тодорхой хязгаарлалт хийсэн. Хуваарилах байгууламж ашиглалтад орсноор ачаалал даах боломж бүрдэж байна. Гэхдээ иргэдийг эрчим хүчээ хэмнэлттэй хэрэглэж байхыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Хангайн бүсийн салбарын ерөнхий  инженер Б.Анхбаяр онцолж байлаа.


Холбоотой мэдээ