Осол гэмтлийн яаралтай тусламжийг дөрвөн эмнэлэгт үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-05 11:58:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого  хэрэгжүүлж эхэлсний дагуу осол гэмтлийн яаралтай тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гадна  Улсын Нэг болон Хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлж байна.  


Тэгвэл дээрх эмнэлгүүдэд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж эхэлснээс хойш буюу 2020 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, нийт 12585 хүнд осол, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Үүнд, 11 916 буюу 94.7 хувийг ГССҮТ, 420 буюу 3.3 хувийг УНТЭ, 175 буюу 1.4 хувийг УХТЭ, 74 буюу 0.6 хувийг ТТАХНЭ үзүүлжээ.  Харин нийт осол гэмтлийн яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчдийн 56.1 хувь нь эрэгтэй, 43.9 хувь нь эмэгтэй байна. 

Осол гэмтлийг шалтгаанаар нь ангилбал, унах 46.9 хувь, амьгүй механик хүчинд өртөх 17.3 хувь, амьтай механик хүчинд өртөх 8.5, хүчирхийлэл 7.9 хувь, зам тээврийн осол 6.5 хувийг эзэлжээ.


Түүнчлэн гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт мөн үзүүлж байгаа бөгөөд  цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсноор нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон осол гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах чухал алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Холбоотой мэдээ