"Гэрийн сайн багш" нарыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-05 17:48:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хорооноос ГБХЗХГ-тай хамтран 2020 оны "Гэрийн сайн багш" нарыг шалгарууллаа. 

2020 оны “Гэрийн сайн багш”-аар Өндөршил сумын ахмад М.Цогзолсурмаа, Баянжаргалан сумын ахмад Ч.Шинэбаяр, Ж.Рэгзэдмаа, Адаацаг сумын ахмад Ө.Очирбат, Дэлгэрхангай сумын ахмад Ч.Лхамсүрэн, Сайнцагаан сумын ахмад Д.Наранцэцэг нар шалгарчээ.

Хүүхэд залууст өөрийн авьяас, мэдлэг, чадвараа өвлүүлэн, тэднийг хүмүүжүүлж, хөгжүүлэхэд өөрийн сэтгэлээр санаачилга гарган ажилладаг ахмадуудыг алдаршуулах, үйл ажиллагааг нь сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Ахмадын хорооноос жил бүр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.

Өндөршил сумын ахмад М.Цогзолсурмаа уламжлалт аргаар сүү цагаан идээгээ боловсруулах, арьс нэхий элдэх, бүтээгдэхүүн хийх үйлд залуучуудыг сургадаг бол ахмад настан Ч.Шинэбаяр ардын уламжлалт өв соёлыг өвлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, боржигон уртын дуу дуулах, чулуун царгил хөгжим тоглох урлагт хүүхэд залуучуудыг сургаж, олон шавь нар төрүүлсэн багш хүн юм.

Харин ахмад настан Ж.Рэгзэдмаа ямар ч үндэсний хувцсыг урлаж чаддаг, түүнийгээ шавь нартаа заан өвлүүлдэг бол ахмад настан Ө.Очирбат арьс нэхий элдэж, монгол гэрийн хошлон, оосор бүч томох үйлийг залуучуудад зааж сургадаг.  

Дэлгэрхангай сумын ахмад настан Ч.Лхамсүрэн бага насны хүүхдийг маш хурдан хугацаанд уншуулж, бичүүлж, бодуулж сургадаг, хүүхдийн оюун ухааныг маш сайн хөгжүүлж чаддагаараа сумандаа гайхагддаг бол Сайнцагаан сумын ахмад Д.Наранцэцэг эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэлийн арга, технологийг залуучуудад заан сургадаг байна.

“Гэрийн сайн багш” шалгаруулах энэхүү үйл ажиллагааны ач холбогдлын талаар аймгийн Ахмадын хорооны дарга Ц.Сугираас тодруулахад “Хүүхэд залуучууд маань жилээс жилд монгол уламжлал, өв соёлоосоо хөндийрч, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байна. Манай ахмадууд бол өв соёлоо тээгчид юм. Тэднийхээ хийж, бүтээж, чадаж, мэдэж байгаа бүхнээс нь манай залуучууд өвлөж авч үлдэх учиртай. Тиймээс “Гэрийн сайн багш” шалгаруулах энэ ажил бол маш их ач холбогдолтой үйл ажиллагаа юм” гэлээ. 

Холбоотой мэдээ