Брекситийн дараах бэрхшээл, Монголд үзүүлэх нөлөөлөл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-01-05 22:28:19

Брекситийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга /референдум/ болсноос хойш 3 жил хагасын дараа буюу хоёр он солигдох мөчид Их Британи улс Европын Холбооноос гарлаа. Уг асуудлаар хоёр тал Зул сарын баярын өмнөх өдөр тохиролцоонд хүрснээр Лондон, Брюсселийн хооронд эдийн засгийн харилцааны шинэ дүрэм журам үйлчилж эхлэв. Eurotunnel компанийн төлөөлөгчийн ярьснаар, шинэ оны эхний өдрүүдэд ачааны машинууд ямар ч саадгүйгээр гаалийн шалгалтаар орж, хилээр нэвтэрсээр байна.


Гэвч баярын уур амьсгал алсарсны дараах ойрын хэдэн долоо хоногт хоёр талын худалдааны харилцаанд нэлээд хүндрэл учрах төлөвтэй байгааг Их Британийн холбогдох яамдын төлөөлөгчид анхааруулжээ.  ВВС агентлагийн сэтгүүлч Жессиика Паркер-ийн ярьснаар бол, Брексит нь ЕХ-Британийн худалдаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоохондоо урьдчилан таамаглах аргагүй бөгөөд цар тахлын улмаас зорчигч ба ачаа тээврийн урсгал эрс хумигдаад байгаа тул Брекситийн гэрээний бодит нөлөөллийг коронавирусний халдвар намжсаны дараа үнэлэх боломжтой.   


Шинэ дүрэм журмын дагуу Британий компаниуд бараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд урьдын адил татваргүйгээр борлуулах ба ингэхдээ хилийн боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийх ажил шинээр нэмэгджээ. Харин Британийн банк, санхүүгийн үйлчилгээний салбарууд  ЕХ-той ямар байдлаар харилцах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр.  


Британи ба Европ дахь хандлага


ЕХ-ноос Британийг гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “Улс орон маань одоо ажил хэргээ арай өөр маягаар, илүү сайн явуулах эрх чөлөөтэй боллоо” гэжээ. Брекситийн хэлэлцээрийг байгуулсны зэрэгцээ Оксфордын их сургуульд коронавирусний эсрэг вакциныг гарган авсан нь Британи улсыг урьдын байр сууринд нь эргүүлэн авчрахад туслах нэг ёсны үсрэлтийн трамплин юм хэмээн Брекситийн ач холбогдлыг тэрбээр үнэлсэн байна.


ЕХ-той хийсэн хэлэлцээрт Британийн талыг ахлан оролцсон лорд Фрост хэлэхдээ “Бид дахин тусгаар улс боллоо” гэсэн бол парламент дахь Консерватив намын фракцийн гишүүн Билл Кэш “Энэ бол бүрэн эрхт байдал ба ардчиллын ялалт” гэж дүгнэжээ.


Үүний сацуу брекситийг эсэргүүцэгчдийн байр суурь ч хэвээрээ байна. Шотландын Ерөнхий сайд Никола Стержен твиттер хуудсандаа “Европ минь, Шотланд удахгүй эргээд ирнэ, гэрлээ битгий унтраагаарай!” гэж жиргэжээ.

Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “Британи улс бидний анд нөхөр, холбоотон хэвээр байх болно” гээд “Британичууд Европоос явахаар шийдсэн нь еврогийн бүсийн хямрал, цагаачдын түрлэг, худал хуурамч амлалтууд гэх мэт эрүүл бус үзэгдлүүдийн үр дагавар байсан" гэдгийг хүлээн зөвшөөрлөө.    


Брекситийн гол өөрчлөлтүүд

--Их Британи ба ЕХ-ны гишүүн орнуудын хооронд иргэд харилцан чөлөөтэй зорчиж байсан нь зогслоо. Энэ мөчөөс эхлэн Британид цагаачлах асуудлыг бусад орнуудын адилаар баллын системээр шийдвэрлэх болно.

--ЕХ-ны аль нэг улсад 90-180 хоногийн хугацаагаар зорчих Их Британийн иргэд виз авах ёстой.

--Нисэх онгоц, хөлөг онгоц ба галт тэрэгний буудлуудад татваргүй барааны дэлгүүрүүд дахин нээгдэнэ.

--Гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн талаарх Европын мэдээллийн нэгдсэн санд шууд нэвтрэх боломж британи цагдаа нарын хувьд хаагдаж байна. 

--ЕХ-ны улсуудтай худалдаа хийхийн тулд Англи, Шотланд, Уэльсийн хувь хүмүүс, компаниуд нэмэлт баримт бичиг бүрдүүлэх ёстой болж байна.


Зул сарын баярын өмнөх өдөр худалдааны хэлэлцээр байгуулсан ч гэлээ Брекситийн улмаас Британид учрах хохирлын хэмжээ жилдээ 100 тэрбум фунт стерлинг болохоор байна. Гэхдээ энэ нь 2,6 их наядын эдийн засагтай тус улсад төдийлөн хүнд тусахгүй. Тэгээд ч гэрээ байгуулаагүй бол алдагдал 100 тэрбумаас хол давахаар байсан ба үүн дээр цар тахлаас учирсан хохирлыг нэмбэл референдумаас хойших бараг 4 жилийн хугацаанд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, британичуудын хувьд ЕХ-ны хаалгыг саван гарч одох нь дэндүү өндөр өртөгтэй тусахаар байв.  


Гэхдээ хэлэлцээр байгуулсны хамгийн гол ач холбогдол нь мөнгө хэмнэсэнд бус, харин Их Британи, ЕХ хоёр худалдааны дайнаас зайлсхийж чадсанд оршино. Хэрвээ тохиролцоонд хүрч чадаагүй бол Британи-ЕХ-ны хилийн зурвас 1970-аад оны үеийн байдалдаа эргээд орох байсан гэж ВВС-гийн эдийн засгийн тоймч А.Калмыков дүгнэжээ. “Яльгүй жижиг эвлэрэл ч гэсэн ямар ч хэрүүлээс дээр” гэдэг зүйр үг биеллээ олж, шинэ оны босгон дээр хоёр тал тохиролцоонд хүрч чадлаа.


ЕХ-нд элсэхээсээ өмнө Британи улс “Европын өвчтөн” гэгдэж, ОУВС-гаас зээл өгөхийг гуйж байсан бол тус холбоонд 40 жил байх хугацаандаа дэлхийд 5-д орохоор том эдийн засагтай болжээ. Британийн үйлдвэрүүд эх газрын компаниудтай хоршин ажиллаж, Английн банкууд, өмгөөлөгчид, архитекторчид Европын хэрэглэгчдэд үйлчилж, үүнийхээ төлөө элдэв лиценз зөвшөөрөл авах шаардлагагүй байв. Харин одоо энэ бүхэн түүх болон үлдлээ.  


ЕХ нь Британийн эдийн засаг, худалдааны чадавхийг боомилж байгаа учраас британичууд бие даан “чөлөөтэй сэлэх” ёстой гэж Брекситийн үзэл санааг баримтлагчид ятган ухуулдаг. Ерөнхий сайд Б.Жонсон болон түүний багийнхан хэлэхдээ “Брекситийн дараа ЕХ-той тогтоосон бидний харилцаа холбооны гишүүн байсан үеийнх шиг хэвээр үлдэнэ. Давуу тал нь гэвэл, бид тус холбоонд татвар төлөхгүй, түүний дүрэм журамд захирагдахгүй” гэж ухуулж байв.


Харин ЕХ-ныхон Брекситийн гэрээг байгуулахыг зөвшөөрсөн боловч ганцхан том болзол тавив. Тодорхой хэлбэл, Их Британи улс “тоглоомын ерөнхий дүрмийг” хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ дүрмээс ухарч буцах аваас ЕХ өөрийн зах зээлийг хамгаалахын тулд Британийн бараанд гаалийн татвар ногдуулна эсвэл тарифын бус хориг тавина гэсэн шаардлага юм.

Их Британи-Европын Холбооны хил дээр 


Эл шаардлагыг хүлээн зөвшөөрч, буулт хийсэн тохиолдолд Их Британи улс ЕХ-ны хувьд Украин, Канад, Турктэй адил түнш болно, хэрвээ гэрээ байгуулахгүйгээр холбооноос гарвал Афганистан, Сомалитай эрэмбэ нэгтэй болохоор байв. Хэлэлцээр байгуулалгүйгээр хаалга саван гарсан тохиолдолд 1 дүгээр сарын 1-нээс эхлэн британичууд гаалийн татвар төлөхөөс гадна тарифын бус элдэв хоригт өртөх байлаа. Иймээс Лондон хоёр дахь хувилбарыг сонгожээ.


Британи, ЕХ хоёр хэр зузаан түншүүд вэ гэдгийг илтгэх цөөн хэдэн тоо дурдая. Их Британийн гадаад худалдааны эргэлтийн тал хувь нь ЕХ-нд ногддог бол Британийн импортолж буй хүнсний бүтээгдэхүүний 2/3-ыг нь эх газраас нийлүүлдэг. Мөн тус улсын аж үйлдвэрийн салбар Европын үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нягт холбогдсон бөгөөд уг хэлхээ тасарваас Британийн үйлдвэрүүд өөр улсууд руу шилжих, олон мянган ажлын байр алдагдах эрсдэл бий. Гэхдээ машин техник, эм зэрэг биет бараа бүтээгдэхүүн нь хоёр талын худалдаанд чухал байр суурь эзэлдэг. Харин Британийн эдийн засгийн 80 хувийг бүрдүүлдэг санхүү, зөвлөгөө өгөх, тээвэр логистик, хууль эрх зүй болон бусад төрлийн үйлчилгээ нь Европ руу чиглэсэн экспортонд зонхилдог байна.


Гэтэл Зул сарын баярын өмнөх өдөр байгуулсан хэлэлцээрт зааснаар, биет бараа бүтээгдэхүүнийг ЕХ руу нэвтрүүлэхэд саад тотгор бараг үгүй хэвээр, харин үйлчилгээг экспортлохтой холбоотой бүхий л арга хөшүүрэг нь эх газрынхны гарт орчихоод байна. Өөрөөр хэлбэл, британичуудын давамгайлдаг салбаруудад хориг хязгаарлалт тавих, татвар тогтоох эрхийг ЕХ-ныхон авснаар өөртөө давуу байдлыг бий болгожээ гэсэн үг.

Мишель Барнье ЕХ-г төлөөлөн бүхэл бүтэн 4 жил хэлэлцээрт оролцжээ 


Шинжээчид хэрхэн дүгнэж байна вэ?


Брекситийн хэлэлцээрийн эх бичвэрийг нийтлээгүй байгаа боловч шинжээчид хэдийнэ тайлбар хийгээд эхэлжээ. Тухайлбал, Английн судлаачдын хувьд Брекситийн дараа үүсэх нөхцөл байдлын тухайд гутранги төсөөлөлтэй байна.


Европын шинэчлэлийн төвийн захирал Чарльз Грант: Брексит гэдэг ямар хатуу бэрх зүйл вэ гэдгийг британичуудын ихэнх нь өдийг хүртэл ойлгоогүй л яваа. Аж үйлдвэрийн салбарынхан, фермерүүд, жуулчид хил дээр ирээд зүдэргээтэй олон бичиг цаастай зууралдаж, хүнд сурталтай тулгарна. Үйлчилгээний салбарынхан ЕХ-ны зах зээлд нэвтрэх боломжгүй болж байна. Европчуудыг ажиллуулдаг компаниуд хохирно. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Их Британи сонирхол татах нь .


ЕХ-той байгуулсан гэрээ гэгч нь ямар болхи зүйл вэ гэдгийг британичууд ухаарч ойлгох тэр үед уг гэрээг сайжруулах уу, хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлаар улстөрчид маргалдаж эхэлнэ. Тийм болохоор ойрын 50 жилд Их Британи, ЕХ хоёр эцэс төгсгөлгүй хэлэлцээ хийхээс аргагүй. Итгэхгүй бол швейцарьчуудаас асуу. Харин ЕХ-той дахин нэгдэх тухай сэдэв британичуудын бүхэл бүтэн нэгэн үеийнхний хувьд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орохгүй болов уу.


Кембрижийн их сургуулийн профессор Кеннет Армстронг: Үнэн хэрэгтээ энэ гэрээ нь Их Британийн эдийн засгийн байр суурийг 1970-аад оны үеийн байдалд нь эргүүлж оруулна. Магадгүй гаалийн татваргүй байж болох юм, гэхдээ хаа сайгүй тарифын бус хоригууд тогтоох болно. Энэ нь эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг сулруулна.   


Британийн Худалдааны танхимын тэргүүн Адам Маршалл: “4 жил сунжирсан Брекситийн эх захгүй маргаан төгсгөл болсон ч гэлээ бизнес эрхлэгчдийн хувьд баярлаад байх зүйл огт байхгүй. Хэдэн мянган хуудас гэрээг уншаад, шинэ журмаар худалдаа хийхэд бэлтгэхэд тэдэнд ердөө 7 хоногийн хугацаа л бий”.

Лондоны коллежийн профессор Жонатан Портс: Урт хугацаанд мэдрэгдэх сөрөг нөлөөллийг нь авч үзэх хэрэгтэй. Бидний хийсэн тооцооллоор, Брексит нь ойрын 10-15 жилийн хугацаанд Их Британийн эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, иргэдийн цалин орлогын өсөлтийг 4-6 хувиар хойш татахаар /жилд 0,5 хувиар/ харагдаж байна. Мэдээж хэрэг, эдгээр нь баримжаа тоонууд, гэхдээ брекситийн улмаас бид бүхэн өмнөхөөс “ядуу амьдарна” гэдэг нь үндсэндээ тодорхой. Гэхдээ эдийн засаг шинэ нөхцөл байдалд дасан зохицох нь лавтай. Цаашдаа агаар мандалд буй хаягдлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн бодлого, хиймэл оюун ухааны хөгжил зэрэг нь брекситээс хамаагүй илүү нөлөөллийг эдийн засагт үзүүлэх болно.     


Брексит бидэнд хамаатай


Их Британи бол бүр социализмын үеэс манай улстай улс төр, эдийн засгийн харилцаатай байсан бөгөөд барууны орнуудаас хамгийн түрүүнд буюу 1963 онд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоож, 1965 онд ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байв. Улмаар 1973 онд барууны өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн түрүүнд манай улстай Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээр байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн 1990 оноос хойш Монголд өрнөж буй ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг британичууд идэвхтэй дэмжсээр ирснийг бид сайн мэднэ.


Их Британи бол манай улсын гадаад худалдааны том түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 700 сая орчим ам.долларт хүрдэг. Үүнээс 660 сая ам.доллар нь Монголоос экспортолж буй алт, самнасан ноолуур, үнэт чулуун эдлэлийн үнэ гэдгийг тооцвол Их Британитай хийж буй худалдаанаас монголчууд бид их ашиг олдог нь харагдана.    


Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 оронд бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолсоор ирсэн. Харин одоо Их Британи улс ЕХ-ноос нэгэнт гарсан учраас Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж, Дэлхийн Худалдааны байгууллагын ерөнхий нөхцлөөр худалдаа хийх учраас Брексит бол манайд ашигтай зүйл биш гэж олон улс судлаач, доктор Д.Уламбаяр дүгнэн хэллээ.  Тэгэхээр алс тэртээх Британийн арлууд, Европт болж буй үйл явдал ч гэсэн бидний ашиг орлогод нөлөөлдөг байх нь.


Нөгөөтэйгүүр, Их Британид 10 мянга орчим монголчууд сурч, ажилладаг гэх багцаа тоо бий. Харин тус улс Шенгений хэлэлцээрт багтдаггүй учраас тэнд амьдардаг, тийшээ зорчихоор төлөвлөж буй монголчуудад төдийлөн нөлөөлөхгүй бололтой.  


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.bbc.com

https://zgm.mn

Холбоотой мэдээ