Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Алтай ятга

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-06 10:42:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Жаргалант хайрханы ятга /Алтай ятга/-ыг толилуулж байна.

 

Манай улсаас илэрсэн хамгийн эртний хөгжмийн зэмсгийн биет олдвор бол Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн хүннү булшнаас гарсан ясан хэл хуур болно. Харин 2008 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын Нүхэн хадны оршуулгыг малтан судалжээ.

 

Энэхүү оршуулга нь түрүү дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш байсан бөгөөд олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг байсан юм. Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсгүүд цөөнгүй гарч байжээ.

 

Жаргалант хайрханы хөгжмийн зэмсэгтэй адилтгаж болохуйц олдворууд зөвхөн Алтайн уулсын өндөрлөгт орших мөнх цэвдгийн булш, эсвэл Шинжааны хэт хуурай бүс нутгаас гарсан байдаг бөгөөд босоо ятга хөгжим бүр НТӨ 3000 жилийн үед Ойрх Дорнодод үүсэж, олон төрөл болон салбарлан хөгжсөн байна.

 


Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороожээ.



Жаргалант хайрханы хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. 6 буга, 1 янгир, 5 нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдгаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.

 

Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу 6 хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг “Чүрэ” гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн Алтай хамтлаг эл хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буй билээ. 

 

Хөгжмийн нийт урт 72 см, өргөн 10,1 см болно. Он цаг НТ 590-670 он. 


Холбоотой мэдээ