“Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-06 13:11:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оныг “Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарлаад байна. Жилийн ажлын нээлт болж, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагийн удирдлага оролцлоо.

Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

- Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг юм.

Өнөөгийн монгол бичгийн сургалт, хэрэглээний байдлаас үзвэл монгол бичгийн сургалтыг насан туршийн боловсролын салбарт эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уялдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай аймаг 2021 оныг “Үндэсний өв-Бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх” жил болгон зарлаж байгаа гол зорилго нь Монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн хангаж, хос бичигтэн анхны аймаг болох, үндэсний бичиг, соёлыг сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол хэл, бичиг үсгээ сурч, судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган, хамтран ажиллахыг Та бүхэндээ уриалж байна гэж жилийн ажлын нээлт дээр хэллээ.

“Үндэсний өв-бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлын нээлтийн үеэр зохион байгуулсан “Сайхан бичигтэн” уралдаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Энхжаргал, түргэн уншлагын тэмцээнд мөн газрын мэргэжилтэн О.Сайнзаяа нар түрүүллээ. Мөн Булган сумын монгол хэлний багш, сурагчдын монгол уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.



Холбоотой мэдээ