Бэлчээр сэлгэснээр даацад эерэг нөлөө үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-06 20:01:38

Завхан /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил өвөл, хаварт эртнээс бэлтгэж бэлчээрийн даац хэтэрсэн газруудыг сэлгэх, өнжөөх үйл ажиллагааг 17 сум хуваарь гаргаж хийсэн нь энэ өвлийн бэлчээрийн даацад эерэг нөлөө үзүүлж байна гэж мэргэжлийн байгууллага мэдээлэв.

Учир нь тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бэлчээрийн газар эзэлдэг. Энэхүү бэлчээрийн газар нутгаас бэлчээрт тохиромжгүй 300-аад мянган га газар байгаа. Тодруулбал хад, асга, элс, бүхий газар Алдархаан, Дөрвөлжин гэх мэт зургаан суманд голлон байрлаж байна. Мөн Эрдэнэхайрханы Бор хярын элс, Дөрвөлжин сумын Урд нуруу, Бага нуурын, Ханхарын элс-Сарлагийн бөөрөг, Яруу сумын Хүрэн хөндий, Олгой сүв, Сантмаргацын Мондгорын толгой, Цэцэн-Уулын Хотгорын сүвнээс Баруун монгол, Элст нуруу, Байцын хяр, Түдэвтэйн тэмээн чулууны хяр зэрэг 208300 га бэлчээр усгүй, алслагдсан, бартаа саад ихтэй гэсэн үндсэн шалтгаанаар ашиглалтгүй байна.

Ийнхүү бэлчээрийн газрын зарим хэсэг ашиглалтгүй байгаа нь бүс нутагт малын хэт бөөгнөрөл үүсгэж, бэлчээрийн даац хэтрэн талхагдлын хүрээг нэмэгдүүлэх нөхцөл болоод байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн зун хур бороо элбэг, газрын гарц сайн, намаржаа хэвийн байсан хэдий ч энэ өвөл зарим сумын нутагт бэлчээрийн даац хэтрээд байна. Учир нь хөрш зэргэлдээ аймаг сумдаас мал бүхий малчид өвөлжиж байна гэж аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ