Үндэсний соёлын өв тээгч 14 настай хүү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-07 17:51:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цогбадрахын Чингүн өдгөө 14 настай, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 9а ангид сурдаг. Тэрбээр өөрийгөө Үндэсний соёлын өв тээгч хэмээн бахархан бодож явдгаа ийн тайлбарлалаа.

Тэрээр: ”Дээр үед манай өвөг дээдэс малынхаа ширийг боловруулаад морины чөдөр, ногт, хазаар гэх зэрэг бүх зүйлийг өөрсдөө зангидаж хийдэг байсан юм билээ. Харин орчин үед малчид, уяачид мяндсан болон даавуун оруулгатай хазаар, ногт, чөдрийг худалдан авч ихээхэн хэрэглэдэг болсон байна. Энэ нь хэврэг байхаас гадна ийм хатуу, торгомсог материалтай зүйлс чинь малын үс арьсанд шарх үүсгэхээс эхлээд малд нэлээд зохимжгүй. Харин суран эдлэлийн хувьд илүү бат бөх, удаан эдэлгээтэй, малд сөрөг зүйл учруулахгүй байдгаараа давуу талтай байсан. Иймээс би дээр үеийн өвөг дээдсийнхээ уламжилж ирсэн зан байдлыг алдахгүй цаашид үргэлжлүүлэх зорилгоор суран эдлэл хийж байгаа. Энэ маань ч нэг талдаа үндэсний соёлын өв тээгч болж байгаа юм” хэмээн ярилаа.  

Тэрээр сумынхаа нэгэн малчин ахыг сураа зүсээд зангидан ногт, хазаар сүлжиж буйг хажуугаас нь хараад л өөрөө сурах сонирхол төрсөн гэнэ. Бас хараад байсан чинь гоё санагдаж, өөрөө хийж сурмаар бодогджээ. Тэгээд гэртээ байсан малын ширээ ганд хийж боловсруулахаар шийджээ. Гангаа сар гаруй хугацаанд хийсэн гэнэ. Дараа нь авахад шир гоё зөөлөрч юм хийхэд бэлэн болсон байна. Ингээд ганд боловсруулсан ширээ элдээд, зүсэж сур болгон түүгээрээ хазаар зангидаж эхэлжээ. Үүнийгээ анх хийж байгаа болохоор их сонирхолтой ч байж, ганцхан хоногийн дотор хазаар зангидсан байна. Түүндээ урамшаад хийвэл болдог юм байна. Би хийж чадах юм байна гэсэн итгэлд хөтлөгдөн найздаа, хүргэн ахдаа хазаар, ногт, ташуур зангидаж өгчээ.

Ц.Чингүн хүү сур зангидахаас гадна зураг зурах, шатар тоглох, жудо бөхийн спортоор хичээллэдэг байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн аварга шалгууруулах тэмцээн болон бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Сураар олон төрлийн малын хэрэглэгдэхүүнийг хийдэг байна. Тухайлбал морины хазаар, ногтыг сүлжиж хийдэг бөгөөд суран ташуурыг дөрөв болон найман гэсэн сүлжээгээр зангидаж хийдэг гэлээ. Хамгийн чухал нь найман сүлжээгээр ташуур зангидах нь тийм ч амар биш бөгөөд ур ухаан, гарын эв дүйг ихээхэн шаарддаг байна. Хүнд хүчир хэцүү гэхгүйгээр өөрийгөө дайчлан үндэсний, монгол, малч түмнийхээ удам соёлыг эзэмшиж буйдаа тэрээр сэтгэл дүүрэн урамтай явдаг байна. 

 

Холбоотой мэдээ