Түймэрт өртсөн хоёр бууралд гэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-08 17:10:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга 2 дугаар багийн өндөр настан Б.Түдэвийн гэр бүл түймрийн улмаас орон гэргүй болсон тухай сарын өмнө мэдээлж байсан. Тэгвэл тэсгэм өвлийн тачигнасан эл өдөр хоёр буурал өргөө цагаан гэртэй болжээ.    

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн болон сум орон нутгийн санал санаачилгыг үндэслэн аймгийн Засаг дарга Ш.Оргил нөөц хөрөнгөөсөө ийн гэрийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Өвгөн сэтгүүлч Б.Түдэв гуай Завхан аймгийн “Туяа” сонины эрхлэгчээр олон жил ажилласан хэвлэл мэдээллийн салбарын ахмад сэтгүүлч хүн юм. Хоёр бууралд энэхүү гэрийг Алтанбулаг сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч С.Чойсүрэн орон нутгийн удирдлагын хамт хүлээлгэн өгчээ. Энэ үеэр хурдан шуурхай арга хэмжээ авч гэртэй болгож өгсөн аймаг, орон нутгийн удирдлагууд, тусалж дэмжсэн нутгийн зон олон, сайхан сэтгэлт хүмүүст ахмад буурлууд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.




Холбоотой мэдээ