“Шинэ хөдөө” төслийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-11 15:21:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн жилүүдэд “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж, төсвөөс 4,7 орчим тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд “Шинэ хөдөө-хөгжил” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, мал аж ахуйг эрчимжүүлэх, чацаргана тариалах, төмс, хүнсний ногооны техникээр хангах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зэрэгт хөрөнгө оруулалт хийж, хөдөөд ажлын байр бий болгоход чиглүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг сайжруулахаар тусгаад байна. Саяхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Шинэ хөдөө- хөгжил” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.

Аймгийн ИТХ-аас тус байгууллагад шалгалт хийж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг хөндлөнгийн аудит болон хуулийн байгууллагаар шалгуулан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан холбогдох хүмүүст хариуцлага тооцох, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, хэвийн ажиллах эдийн засаг, санхүүгийн чадамж, цаашдын үйл ажиллагааны талаар арга хэмжээ авахыг аймгийн ЗДТГ-т үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ