Монголын Засгийн газар Оюу толгойн төлөвлөгөөг цуцалж магадгүй байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-01-12 16:55:35

ОТТАВА. /The Mining/. Монгол Улсын Засгийн газар Оюу толгой зэс, алтны уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, өөрчилж магадгүй байна гэж Канадын “Turquoise Hill” компани даваа гарагт мэдэгдлээ.


Turquoise Hill”-ийн мэдээлснээр, Монголын эрх баригчид “Rio Tinto” компанийн төлөвлөгөөнд сэтгэл хангалуун бус байгаа ажээ. Мөн тэд бүтээн байгуулалтын зардлыг 6.75 тэрбум ам.долларт хүргэж, анхны тооцооллоос 1.5 тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлсэнд ихээхэн санаа зовниж байна.


“Зардлыг ийнхүү нэмэгдүүлсэн нь Оюу толгой уурхайгаас хүлээж байсан эдийн засгийн үр өгөөжийг бууруулна гэж Монгол Улс үзэж байна” хэмээн “Turquoise Hill” мэдээлжээ. 


Энэхүү мэдээг гарсны дараа компанийн хувьцаа сарын хамгийн доод үзүүлэлтэд хүрч унажээ. Тодруулбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид 21.4 хувиар буурч, 11.38 ам.долларт хүрсэн бол Торонтогийн хөрөнгийн биржид 24 гаруй хувиар буурч, 13.88 канад.долларт хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 2.33 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Rio Tinto” 2019 онд анхны зураг төслөө өөрчлөх шаардлагатай болсноо мэдэгдэж, хожим нь бүтээн байгуулалтын зардал 1.9 тэрбум хүртэлх ам.доллароор нэмэгдэж, 30 сараар хойшилж магадгүйг мэдээлсэн юм. Улмаар өнгөрсөн 12 дугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын шинэ тооцооллоо танилцуулж, олборлолт 2022 оны 10 дугаар сард эхэлнэ гэж мэдээлсэн билээ.


Харин уурхайн гуравны нэгийг эзэмшдэг, Монголын төрийн өмчит компани болох “Эрдэнэс Оюу толгой” шинэ хуваарь, төсвийн талаар мэдэгдэхдээ, “Rio Tinto” 2015 онд өгсөн амлалтдаа хүрсэнгүй гэсэн юм. “Оюу толгой Монгол Улсад эдийн засгийн үр өгөөжөө өгөхгүй бол бүтээн байгуулалтыг нь үргэлжлүүлэх эсэхэд үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай болно” гэж Монголын Засгийн газар мэдэгдсэнийг “Turquoise Hill” уламжилжээ.


Мөн Оюу толгой 2051 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд л орлогын албан татвар төлөх төлөвтэй байгаа нь уг төслөөс хүртэх эдийн засгийн үр өгөөжид эргэлзэхэд хүргэж байгааг Монголын тал онцолсон байна. Түүнчлэн Засгийн газар хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоотой байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд томоохон саад бэрхшээлийг бий болгож байна гэж “Turquoise Hill” Засгийн газрын захидлыг иш татан мэдээлжээ.


“Бид Монголын эрх баригчид, “Rio Tinto”-гийн аль алины оролцоотойгоор бүтээн байгуулалтын төлөвлөгөөг зохицуулах, Оюу толгой төслийн эдийн засгийн үр ашгийг хуваалцах асуудлыг эргэж харах үүрэг хүлээсэн” гэж “Turquoise Hill” мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ