Ш.Оргил: Бид хилийн хоёр боомттой, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж амьдарч байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-13 15:41:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Тус аймаг “Эрүүл бүс” болох нь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа. Иймээс тус аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил иргэддээ хандаж дараах мэдэгдлийг хүргэлээ.

-"Та бүхэн вирус алга боллоо гэж тайвшралгүй, өөрийгөө болоод өрөөл бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалах үүрэг хариуцлагаа улам бүр өндөржүүлэхийг хүсье. Манай аймаг, хилийн хоёр боомттой, эх орон элгэн түмнээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах эрхэм үүргээ биелүүлж, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж амьдарч байгаа. Үүнийг цаг ямагт санаж, амны хаалтаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барьж, аль болох бөөгнөрөл үүсгэж олон нийтийн газраар явахгүй байх дэглэм, журмаа ягштал мөрдөхийг онцгойлон анхааруулья. Энэ бүхнийг ягштал биелүүлж, мөрдөсний эцэст бид эрүүл бүс нутгаа хамтдаа бүтээж, энх сайхан цагтай учирна” гэв.

Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 366 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа. Аймгийн Ахмадын сувилалд 13 иргэн хяналт ажиглалтад байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 187 хүний сорьц авч, өссөн дүнгээр 30046 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулжээ. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж 1486 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 1485 иргэний хяналтын хугацаа дуусч, нэг иргэн гэрийн тусгаарлалт ажиглалтад байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажиглалтын хоёр, тусгаарлах нэг байранд 27 иргэн хяналтад байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 95.8 хувь буюу 208 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 13, гэрийн ажиглалтад 10, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 185 иргэн байгаа аж.

 

Холбоотой мэдээ