Их Британи Латин америкийн орнуудаас ирэх хүмүүсийг хилээрээ нэвтрэхийг хориглоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-15 10:39:17

ЛОНДОН. /Reuters/. Бразилд коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан Латин Америкийн хэд хэдэн орноос ирэх хүмүүсийг хилээрээ нэвтрэхийг хориглохоор шийдвэрлэлээ гэж Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс пүрэв гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ингэснээр орон нутгийн цагаар баасан гаргийн 04:00 цагаас эхлэн Аргентин, Бразил, Боливи, Чили, Колумби, Эквадор, Гайана, Панам, Парагвай, Перу, Суринам, Уругвай, Венесуэлд сүүлийн 10 хоногт байсан хүмүүсийг Их Британийн хилээр нэвтрүүлэхгүй юм. 


Г.Шэппсийн мэдээлснээр, энэхүү шийдвэр Британи, Ирландын иргэд болон Их Британид оршин суух эрхтэй гадаадын иргэдэд хамааралгүй боловч тэд Их Британид ирснийхээ дараа 10 хоног тусгаарлагдах шаардлагатай ажээ. 


Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын улмаас 1564 хүн нас барсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн тухайн хугацаанд халдварын 48682 тохиолдол шинээр илэрсэн байна.


Их Британид энэ сарын 14-ны байдлаар коронавирусний вакцины эхний тунг 2 918 252 хүнд тарьжээ. 

Холбоотой мэдээ