Хандив өргөсөн байгууллага, иргэдэд талархал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-16 12:51:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Коронавирсний халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хандив өргөсөн байгууллага, иргэдэд Дундговь аймгийн Онцгой комиссоос талархал гардууллаа.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарлаж, иргэд нийтээрээ коронавирустэй тэмцэж, энэ хугацаанд аймаг, сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин, сэтгэл зүрхээрээ нэгдэж, хандив өргөж байна.

Аймгийн Онцгой комисст 20 аж ахуйн нэгж, иргэн 39,510,600, 27 төрийн байгууллагаас 95,334,360, нийт 134,844,960 төгрөгийн хандив өгчээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд “төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1 хувийг, хуулийн этгээд 1,5 хувиас доошгүй хэмжээний төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулна” хэмээн заасан байдаг. Тиймээс төрийн байгууллагууд ийнхүү үйл ажиллагааныхаа зардлаас Онцгой комисст хандив өргөсөн байна.

2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дээрх хандиваас 78,0 сая төгрөгийг коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ