Иргэдээ сонсох "Хөгжлийн цаг" уулзалтыг ням гараг бүрт зохион байгуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-17 12:59:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж долоо хоног бүрийн ням гарагт иргэдээ хүлээн авч, "Хөгжлийн цаг" уулзалтыг зохион байгуулж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймагт Ардчилсан нам олонх болж аймаг орон нутгаа удирдан ажиллахаар болсон. Тэдний дэвшүүлсэн "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийг иргэд дэмжсэн юм. Уг мөрийн хөтөлбөрт суурилан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Хийх ажилдаа иргэдийнхээ санаа бодлыг тусгах, тэдний саналыг сонсох зорилгоор ийнхүү "Хөгжлийн цаг" уулзалтыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт анхны уулзалтдаа аймгийн салбар бүрийн төлөөлөл, иргэд хөдөлмөрчдийг урьж тэдэнд тулгамдсан асуудал, санал бодол, шүүмжлэлийг сонсож, хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн.
Иргэд аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө ард иргэдийн санал бодлыг тусгах, эргэх холбоотой хамтран ажиллах, үр дүн, ололт амжилт, алдаа оноогоо ил тод нээлттэй мэдээлэх, уул уурхайн компаниудын хариуцлагыг өндөржүүлэх, мал сүргийн тоо толгой бус чанарт анхаарах, "Ковид-19" цар тахлын үед сурагчдын цахим хичээлд онцгойлон анхаарах зэрэг асуудлыг хөндсөн.
Ням гараг бүрийн уулзалтад хэн ч очиж болох бөгөөд орон нутгийнхаа хөгжлийн талаар аймгийнхаа удирдлагуудтай санал солилцох боломжийг олгож байгаа аж.
Холбоотой мэдээ