Нийтлэлийн мөрөөр сэтгэцийн өөрчлөлттэй болсон охинд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-20 11:09:35

Увс /МОНЦАМЭ/. MONTSAME.MN сайтад 2020 оны 12-р сарын 28-ны өдөр нийтэлсэн “Хүчиндүүлсэн охидын түрүүч нь сэтгэхүйн өөрчлөлттэй болж, Сэтгэцийн эмнэлэг рүү хүргэгдэж байна” нийтлэлийн мөрөөр тус охинд хүмүүс тусламжийн гараа сунгасан байна. Охин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлээд бие нь сайжирч, эмнэлгээс гарчээ.

Тэдгээр хүмүүс уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгт охиныг өнгөрсөн бямба гарагт үзүүлж, эхний ээлжийн эмчилгээнүүдийг хийлгэсэн байна. Мөн охинд өвлийн дулаан гутал, хувцас авч өгснөөс гадна байгаа айлд нь хоол хүнс хүргэж өгчээ. Энэхүү буянтай сайхан үйлсийг "Дельта Холдинг" ХХК-ийн захирал Уундайн Мөнхжаргал, хувиараа бизнес эрхлэгч Лхагвагийн Батбаяр нар зохион байгуулжээ.

У.Мөнхжаргалын хувьд Сүхбаатар аймгийн гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн бол Л.Батбаяр нь Увс аймгийн Зүүнговь сумын харьяат юм. Тэд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд оройгоор хамт суралцаж байсан найзууд бөгөөд У.Мөнхжаргал нь montsame.mn сайтад гарсан уг нийтлэлийг олж уншаад Л.Батбаяртай холбогдож, танай нутгийн энэ охинд тусалъя гэсэн санаачилгыг гаргасан байна. Улмаар тухайн нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй холбогдож, охины хаягийг аван ийнхүү тусламжаа хүргэсэн байна.

Тэдний хувьд охиныг эрүүл болгох бүхий л аргыг эрэлхийлж байгаа бөгөөд эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд сэтгэл санааны болоод эд материалын тусламж үзүүлэх хүсэлтэй хүмүүстэй цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаа аж. 

Сайн үйлсийн аян өрнүүлж буй, сайхан сэтгэлтэй дээрх хоёр залуугийн ажил үйлс нь бүтэж, буян нь дэлгэрэх болтугай.

 

Холбоотой мэдээ