Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 9-нд товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-20 14:45:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолыг батлав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний лхагва гарагт товлохоор төсөлд тусгасан байна.


Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нийт хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөж буйг тодруулав. Мөн тэрбээр, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг асуулаа.


Уг асуултад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариулахдаа, “Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүний сонгуулийг тус тусад нь зохион байгуулбал зардал 9 дахин их байх тооцоолол гарсан тул хамт зохион байгуулахаар болсон. Өнөөдөр бол зөвхөн сонгуулийн товыг хэлэлцэж байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан иргэнийг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт бий” гэлээ.


Харин СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Хоёр сонгуулийг хамт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. Харин УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг дангаар зохион байгуулахад 900 сая төгрөг шаардлагатай. Харин хамтатгаж явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтааж нөхөн сонгууль зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээв.


Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Өмнөх Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургаадугаар сарын 26-нд болж байсан. Харин энэ жил зургаадугаар сарын 9-нд санал өвөх өдрийг товлосон байна. Энэ өдрийг хэрхэн сонгосон бэ” гэлээ.


 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “санал авах өдөр нь зургаадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж заасан. Тэгэхээр СЕХ-ноос бидэнд үндэслэлээ ирүүлсэн. Өмнө сонгуулийг баасан гарагт зохион байгуулаад байсан юм билээ. Ингээд маргааш, нөгөөдөр нь амралтын өдөр таардаг. Дулааны улиралд олон хоног амрахаар иргэд хөдөө гадаа явчихаад, сонгуулийн ирцэд нөлөөлөөд байдаг тул лхагва гарагт зохион байгуулахаар товлосон юм” гэв. 


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь дэмжиж, тогтоолыг батлав.


Ташрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахаар УИХ өнгөрсөн сард баталсан. Тодруулбал, УИХ-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны 30 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ нөхөн сонгууль зарлах шаардлага үүссэн юм.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ