Жо Байден шинэ засаг захиргаандаа 34 хүнийг түр томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-21 11:17:47

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Конгрессоос нэр дэвшигчдийг батлах хүртэл 34 хүнийг шинэ засаг захиргаандаа янз бүрийн албан тушаалд түр томиллоо гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.  


Тухайлбал, Төрийн департаментын Гадаад бодлогын албаны хүрээлэнгийн захирал Дэн Смитийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн дэд сайд Дэвид Норкуистыг Пентагоны тэргүүний үүргийг гүйцэтгэгчээр томилсон байна. АНУ-ын Сангийн сайдын үүргийг Энди Бокол, Хууль зүйн сайдын үүргийг Монти Уилкинсон, Худалдааны сайдын үүргийг Уинн Коггинс, Эрчим хүчний сайдын үүргийг Дэвид Хайзенг нар түр орлон гүйцэтгэхээр боллоо.


АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Дэвид Коэн, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Стив Юрчик нар ажиллана. НҮБ-д суугаа

АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрыг Ричард Миллс, АНУ-ын Худалдааны хэлэлцээрийн төлөөлөгчийн газрыг Мариа Паган түр хугацаагаар даргална. 


Лхагва гарагт АНУ-ын Конгрессын Сенатын танхим Байдены шинэ захиргаандаа дэвшүүлсэн анхны нэр дэвшигчийг баталж, Эврил Хейнс АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болжээ. 

Холбоотой мэдээ