Ханх суманд 7879 удаа газар хөдөлжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 14:44:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдөр 12.00 цагийн байдлаар 7879 удаа газар хөдлөлт бүртгэгдсэнээс  49 нь 4.0 болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Нэгдүгээр сарын 12-нд Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш байгалийн энэхүү үзэгдэл ийнхүү давтан үргэлжилж байгаа юм.


Тус газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн нь Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн.


Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон байдаг.


Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаарч байгаа бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан түүхтэй.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

 

Холбоотой мэдээ