Дорноговийн Алтанширээ сумын малчид хоршоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-06 18:17:46

Дорноговь аймгийн Алтанширээ сумын малчид нэгдэж “Олон ширээт” нэртэй малдын хоршоог байгуулав.

Тус хоршоо нь малчдын амьжиргааг дээшлүүлэх, хоршож ажиллахын давуу талыг олон нийтэд ойлгуулах, хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийг боловсруулах, худалдан борлуулах, жишиг хоршоо байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна.

Одоогоор тус сумын 100 гаруй өрх  айл хоршоонд нэгдээд байгаа төдийгүй үйл ажиллагаагаа зэргэлдээх Иххэт, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар зэрэг суманд  тэлж  өргөтгөх зорилготой байгаа  талаар сумын Засаг дарга Н.Болдсайхан ярив.

Хоршооны гишүүд тус бүр 800 мянган төгрөгийн хөрөнгийг хувь нийлүүлсэн бөгөөд үүний 30 хувь нь бэлэн мөнгө, үлдсэн нь бараа түүхий эд байж болох аж. Мөн хоршооны анхны гишүүдийг тэтгэвэрт гарахад ньтодорхой хэмжээний мөнгөн урамшуулал, дэмжлэг үзүүлэх зэрэг заалтыг дүрэмдээ тусгасан байна. Хоршооны даргаар Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Ишдоржийг сонгожээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ