Алексей Навальныйг дэмжсэн жагсаал болжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-24 10:01:17

МОСКВА. /BBC/. Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный болон улс төрийн бусад хоригдлыг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал бямба гарагт боллоо.


Бямба гаргийн жагсаал сүүлийн жилүүд дэх хамгийн том арга хэмжээ болсон гэж зохион байгуулагчид нь мэдээлжээ. Хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байж, цар тахлын хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхийг Оросын эрх баригчид иргэддээ урьдчилан анхааруулж байсан ч олон мянган хүн оролцсон байна.


Орон даяар эсэргүүцлийн ажиллагаанд 110-160 000 хүн оролцсон гэж Оросын сүлжээ хэвлэл болох МБХ-медиа мэдээлжээ. 70 орчим хотод болсон жагсаал цуглааны үеэр 1908 хүн баривчлагдсан гэж хүнийн эрхийн байгууллагууд  мэдээлжээ.


Алексей Навальныйгийн 2011 онд байгуулсан “Авлигатай тэмцэх сан” төрийн бус байгууллага ирэх амралтын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн байна.


Навальныйг өнгөрсөн ням гарагт Германаас эх орондоо ирэхэд нь "Шереметьево" нисэх онгоцны буудал дээр баривчилсан билээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр "Новичок" бүлгийн бодисоор хордож Германд эмчилгээ хийлгэсэн юм.


Химки хот дахь Оросын Дотоод хэргийн албаны байранд болсон шүүх хурлаар түүнийг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ.


Холбоотой мэдээ